Дурангийн мэс засал хийхэд ариутгалын аппарат дутагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт өнгөрсөн хавраас эхлэн дурангийн мэс засал хийдэг болсон. Одоогоор гуч гаруй мэс заслыг дурангаар хийгээд байна гэж мэс заслын зөвлөх эмч Г. Бат- Орших хэллээ. Харин мэс заслыг цаашид хөгжүүлэхэд ариутгалын аппарат шаардлагатай байгаа гэсэн юм.
ИТХ- аар төсөв хэлэлцэх үед дурангийн мэс заслын багажийг ариутгах аппаратыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдэж өгөх хүсэлтийг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц. Энхсайхан тавьсан. Эл асуудал шийдэгдсэн эсэхийг ЭМГ- ын даргаас эргэж лавлахад орон нутгийн төсөвт тусгагдаж чадаагүй гэдэг хариултыг өгсөн юм.
Өнгөрсөн хавар Францын Actions Mongolie нийгэмлэг Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж дурангийн мэс заслын аппарат суурилуулсан. Мөн өнгөрсөн жил Францын Леон хотод мэс заслын зөвлөх эмч Г. Бат- Оршихыг, энэ жил мэс заслын эмч Э. Энхзоригт нарыг дурангийн мэс заслын чиглэлээр суралцуулсан нь Дундговь аймагт дурангийн мэс засал хөгжих үндсийг тавьсан юм. Одоо харин орон нутгийнхаа хөрөнгөөр дутагдаж буй ариутгалын аппаратыг шийдээд өгчихвөл хүн амд хүргэх мэс заслын орчин үеийн эмчилгээг орон нутагтаа хийх нөхцөл бүрэн бүрдэхээр байна.
Т. Отгонтуяа