Монгол Улсын “2016 оны аварга тогооч” Дархан-Уул аймгаас тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн төв Дархан хотын хоол үйлдвэрлэлийн салбарт ажилладаг тогооч нарын шинэ жилийн сүлд модны наадам болж 300 гаруй тогооч оролцлоо.
Аймгийн “Тогоочдын холбоо”-ны тэргүүлэгч Б.Зунгарай: “Дархан-Уул аймгийн “Тогооч нарын холбоо”-ноос залуу тогоочдыг чадавхжуулах олон төрлийн сургалтыг шат дараатай зохион явуулж ирлээ. Мөн “Монгол улсын аварга тогооч” шалгаруулах уралдаан энэ сарын эхээр болж тогооч нар маань мэргэжлийн ур чадвараараа өрсөлдсөн. Уралдаанд Дархан-Уул аймгаас 22 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож орчин үеийн Монгол хоолны төрөлд “Дархан зочид буудал”-ын ерөнхий тогооч П.Болдбаатар шалгарч “Монгол Улсын аварга тогооч” боллоо. Түүнчлэн Монгол Улсад “Мастер тогооч” цол олгож эхэлсэний 50 жилийн ой энэ онд тохиож байгаа бол манай аймаг 26 мастер тогоочтой байгаа нь улсын хэмжээнд хамгийн олон мастер тогоочтой аймаг юм. Манай холбооноос залуу тогоочдыг чадавхжуулах олон төрлийн сургалтыг шат дараатайгаар зохион явуулж ирлээ” гэв.
Уг сүлд модны наадамд аймгийн Засаг дарга С.Насанбат урилгаар оролцож хамт олноо хошуучилж ажилласан зарим тогоочдыг аймгийн Засаг даргын шагнал “Найрамдлын Дархан” тэмдэг, “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Засаг даргын жуух” бичгээр шагнаж урамшууллаа.
Б.Норовсамбуу