Залуу эмч нарын хамтран ажиллах боломжийг дээшлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-12-13 22:28:58

Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын санаачилгаар "Хамтдаа хөгжье" уриан дор Дархан хотын залуу эмч нарын анхдугаар чуулган болж аймгийн Засаг дарга С.Насанбат оролцов.

Залуу эмч нар ингэж чуулснаар мэдлэг боловсролоо бусадтай хуваалцан хамтран ажиллаж харилцаа холбоогоо дээшлүүлэх боломж нээгдэнэ хэмээн үзэж байна. Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл: “Иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тусламж үйлчилгээ болон эрүүл мэндийн боловсрол олгоход залуу эмч нарын оролцоо зайлшгүй чухал. Манай ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, Өрх, сумын “Эрүүл мэндийн төв”-үүд, хувийн эмнэлгүүдэд 23-40 насны 70 гаруй эмч ажиллаж байгаа нь нийт эмч нарын 40 хувийг эзэлдэг.

Цахим сүлжээ асар хүчтэй хөгжсөн өнөө үед иргэд эрүүл мэнд, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой мэдээллүүдийг төвөггүй олж авахын зэрэгцээ эрүүл мэндийн системийн алдааг хүчтэй шүүмжилдэг нь нууц биш. Тиймээс эмч нарт ялангуяа энэ салбарт хөл тавьж буй залуу эмч нарт өндөр шаардлага, сорилт тулгарч байгааг чуулганаараа ярилцаж байна” гэв. Уг чуулганаар” Мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх нь”, “Залуу эмч нарын хамтран ажиллах боломжийг дээшлүүлэх нь” зэрэг сэдвээр илтгэл тавьж шинэ эмийн танилцуулгыг хийж хэлэлцүүлэг өрнүүллээ.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Related news