Шинжлэх ухааны цуврал бүтээлийг ЕБС-иудад үнэгүй түгээж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-12-12 12:52:23

Монгол Улсын ШУА-иас хоёрдахь жилдээ ЕБС-ийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнуудад зориулан эрхлэн гаргаж буй шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал 12 бүтээл өнөөдрөөс хүүхэд залуусын гарт хүрч байна.

ШУА-иас 2015 онд шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал 10 ном бүтээж, аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын 230 гаруй сургуулийн сурагчдын хүртээл болгосон. Харин энэ жил тус цувралын үргэлжлэл болгон “Эх дэлхий”, “Монголын эзэнт гүрэн”, “Дэлхийн шашин”, “Хотжилт”, “Хэл гэж юу вэ?”, “Монгол орны эртний амьтан ургамал”, “Монгол орны хөхтөн амьтан”, “Монгол орны сонирхолтой цэцэгт ургамал”, “Тоон гарын үсэг”, “Вирусын гаралтай өвчин”, “Хачгаар халдварладаг өвчнөөс сэргийлэх нь”, “Хог хаягдлын шатаалтаас үүсэх хорт бодисууд” зэрэг сонирхолтой 12 товхимлыг эрхлэн гаргажээ. Нийт зургаан мянган хувь хэвлэгдсэн энэхүү цуврал номыг бүтээхэд ШУА-иас 15 сая гаруй төгрөг зарцуулжээ.

Эдгээр товхимол нь хүүхэд залууст шинжлэх ухааны мэдлэг олгох, цаашлаад шинжлэх ухаанч иргэн болон төлөвшүүлэх чухал ач холбогдолтой бөгөөд өнгөрсөн жилийн цуврал бүтээлүүдтэй харьцуулбал илүү энгийн үгээр хялбаршуулан бичсэнээрээ онцлогтой хэмээн номыг зохиогчид хэлж байна.

Энэ удаагийн цуврал бүтээлийг бүх шатны сургуулийн хүүхдүүд, оюутнуудаас гадна шинжлэх ухааны ойлголтыг сонирхдог энгийн иргэд ч гэсэн унших, танин мэдэх боломжтой юм.

Энэ үеэр тус цувралыг нийслэлийн 117 ЕБС, төрийн өмчит 5 их сургуулийн номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд бэлэглэсэн юм.

Цуврал бүтээлийн нээлтэд ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Энхжаргал, Нийслэлийн боловсролын газрын дарга Н.Гантулга, Монголын Үндэсний номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн удирдлагууд болон нийслэлийн ЕБС, их, дээд сургуулийн төлөөлөл, сурагчид, номын зохиогчид оролцов.

Эдгээр товхимлыг цаашид жил бүр тодорхой чиглэлээр тасралтгүй гаргахаар төлөвлөжээ.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

 

Related news