60 жилийн ойгоо 26 “саятан" багштай угтсан 18-р сургууль

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2016-12-12 11:25:06

Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18 дугаар дунд сургуулийн түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. “Хан-Уулын 18”, “Комбинатын 18” хэмээх нэрээр нийслэлчүүдэд танил болсон энэ сургуулийн захирал Х.Чинбаттай уулзаж түүхт ойн жилээ ямар амжилт, ололтоор угтаж авсан талаар яриа өрнүүлсэн юм.

-18 дугаар сургууль нийслэлийн ууган сургуулийн нэг. Түүхт ойгоо хэрхэн тэмдэглэв?

-Манай сургууль анх 1933 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм билээ. Харин нийслэлийн 18 дугаар дунд сургууль гэж албан ёсоор дугаарласнаар 1956 онд байгуулагдсан. Энэ жил бид түүхт 60 жилийн ойгоо амжилттай сайхан тэмдэглэлээ. Ой угтсан спорт, урлагийн олон арга хэмжээг манай төгсөгчид, сурагчид болон эцэг эхчүүдийн дунд зохион байгууллаа. Эцэг эхчүүдийн дунд зохион явуулсан урлагийн наадам үр дүнтэй ажил болж эндээс шалгарсан гоцлол нойморуудаа ойн баярын концертдоо тоглуулсан. Мөн төгсөгчдийн дунд сагсанбөмбөг, гарбөмбөгийн тэмцээн амжилттай зохион явуулсан нь үе үеийн төгсөгчид болон эцэг эхчүүдэд залгамжлуулсан үр өгөөжтэй ажил боллоо.

-2016 оноо ямар амжилт бүтээлээр үдэж байна?

-Ер нь манай сургууль зөвхөн 2016 онд гэлтгүй аливаа ажлыг чанарын өндөр үзүүлэлтэй хийж хэрэгжүүлж ирсэн арвин туршлагатай хамт олон. Багш нарын чанарын индекс гэж НЗДТГ, Нийслэлийн боловсролын газартай хамтарч багшийн ажиллах урам зоригийг нэмэх, багшийн ажилд сонирхолтой залуучуудыг бэлтгэх, мөн нийгмийн асуудлыг дэмжих зорилготойгоор “Саятан багш” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. 2015 онд манай сургуулиас 10 багш, 2016 онд 12 багш нийтдээ давхардсан тоогоор 26 саятан багш тодроод байгаа. Энэ нь тэдний ажлын чанарыг нь индексжүүлэн үнэлж 1 саяаас 6 сая хүртэлх төгрөгөөр үнэлж “Саятан багш” урамшууллыг олгодог. Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургууль дотроос гадаадын 6 хэлийг заадаг гэдгээрээ манай сургууль онцлогтой. Жилдээ 3-5 багшийг гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалтанд урт, богино хугацаагаар хамруулж байна. Гадаадад англи, япон, солонгос хэлээр сурагч солилцооны болон гадаадын их дээд сургуульд амжилттай суралцуулж байгаа тоогоороо улсдаа дээгүүрт ордог. Манайд оюун ухааны ДАШТ-ий ой тогтоолтын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн 6 дугаар ангийн сурагч байгаа. Мөн манай сургуулиас гадаад хэлний зөвлөх багш, уулын спортын ОУХМ С.Заяа багш 2015 онд нэг Монгол Улсын гавьяат тамирчин, манай сургуулийн захирлаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан В.Пүрэвжаргал багш маань Монгол Улсын гавьяат багш цол хүртсэн. Би энэ хүндтэй багшаасаа сургуулийн захирлын албыг аваад 2 жил болох гэж байна. Ийм нэр хүндтэй сургуулийг удирдах даалгавар авсан миний хувьд ихэд хичээж ажиллаж байгаа. Манай сургуулийнхан өндөр амжилт бүтээлээр түүхт  60 жилийн ойгоо угтлаа.

Танай сургууль хэчнээн багш, сурагч, ажилтантай вэ?

Манай сургууль нийт 2200 сурагч, 45 анги, бүлэгтэй бөгөөд нийтдээ 114 ажилтан байдгаас 80 гаруй багш ажилладаг. Гадаадын 5 багштай. Тухайлбал 3 хятад, нэг герман багш ажиллаж байна. Мөн Германаас сайн дурын ажилтан багшилж байгаа.

Сургуулийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны талаар сонирхуулна уу?

Японы их дээд сургууль болон КОИКА байгууллагатай хамтарч ажилладаг. Би өнгөрсөн жил БНСУ-д очиж  2 дээд сургуультай сурагч солилцооны буюу багш солилцооны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх гэрээ байгуулсан. Энэ жилээс Англи, АНУ-ын Сантис ОУБ-уудтай хамтын ажиллагаа өргөжүүлж TOEFL-д бэлтгэх хүүхдүүдийг шалгаруулж байгаа. Одоогоор 500 гаруй хүүхэд хамрагдаж шалгалт өгөөд байгаа. Мөн герман, хятад хэлээр түвшин тогтоох шалгалтыг амжилттай өгч, дэс, түвшинг нь ахиулсан сургалт явуулж байна. Ер нь манай сургууль гадаад болон дотоодын адил чиг үүрэгтэй сургуулиудтай 20 гаруй жил хамтран ажиллаж ирсэн туршлагатай. Бид гадаад хэлний сургууль гэдэг утгаараа лингфоны буюу хэл сурах иж бүрэн кабинеттай байх ёстой гэсэн зорилт тавьдаг. КОИКА ОУБ-тай хамтарч БНСУ-ын хөрөнгө оруулалтаар 50 гаруй сая төгрөгийн “Смарт танхим”-тай болсон. Мөн 2010 онд 10 гаруй сая төгрөгөөр байгуулсан лингфоны танхим байдаг. Хандивлагч байгууллага болон эцэг эхчүүдийн тусламжтай хэл сурах бүхий л боломжийг бүрдүүлж байгаагийн үр дүнд манай сурагчид тодорхой амжилтууд гаргаж байна.

Д.Өлзий

Related news