Монгол хэлний цахим толийг бүтээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
gantuya@montsame.mn
2016-12-09 12:20:31

Олон улсын википедиа толийн технологид түшиглэн монгол хэлний үгийн утгын дэлгэрэнгүй тайлбарыг багтаасан "Монгол хэлний викитоль"-ийг БСШУСЯ-ны захиалгаар Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд бүтээжээ.

Нээлттэй мэдлэг боловсролын сан /ONE Foundation/-гийн бүтээсэн уг тольд эхний ээлжинд 50 мянга орчим үг хэллэг, нэр томьёоны тайлбар, мөн үгийн дуудлага, этгээд, хэвшмэл, өвөрмөц үг хэллэг, зөв бичихзүйн толиудыг системчлэн нэгтгэсэн байна. Мөн тасралтгүй хөгжүүлэх үүднээс салбарын мэргэжилтнүүд, сонирхсон бүх хүмүүс өргөнөөр, нээлттэйгээр оролцуулах боломжийг бүрдүүлжээ.

Монгол хэлний викитолийг хөгжүүлэх ажлын суурь болгож "Монсудар" хэвлэлийн газраас Монгол хэлний 8 боть бүтээлийг эрхлэн гаргасан. Энэхүү бүтээл болон викитоль нь Монголын анхны Creative Commons (CC) буюу Оюуны бүтээлч хамтын өмчийн лиценз бүхий бүтээл аж.

https://mn.wiktionary.org викитолийг хөгжүүлэх тасралтгүй явагдах үйл ажиллагаанд монгол хэлний эртэмтэд, мэргэжилтнүүд оролцож байгаа аж. Тухайлбал, академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор С.Нарангэрэл, эдийн засгийн ухааны доктор, дэд профессор А.Ганзориг нарын мэргэжилтнүүд хууль эрх зүй болон банк санхүүгийн нэр томьёоны тайлбарыг анх удаа цахим хэлбэрээр олон нийтийн хүртээл болгож, монгол хэлний викитолийг мэргэжлийн нэр томьёогоор баяжуулжээ.

Үүнээс гадна Монгол хэлний үгийн сан, хэрэглээний хүрээг тэлэн хөгжүүлэх, нэр томьёог системчлэх, шинэ ухагдахуун, ойлголтуудыг гүнзгийрүүлэн тайлбарлах чухал ач холбогдолтой энэхүү ажилд МУИС-ийн багш, оюутнууд оролцож ирсэн төдийгүй цаашид МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн болон багш, оюутнууд олон улсын технологид суурилсан эх хэлний цахим тайлбар толь бичгийг албан ёсоор хөгжүүлэхээр болсон байна.

Н.Туяа

 

Related news