Эрчим хүчний сайд “Ханжаргалантын дэд станц”-тай танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-11-25 19:26:40

Эрчим хүчний сайд П.Ганхүү тэргүүтэй тус яамны ажлын хэсэг үндэсний бахархалын өмнөх хоёр өдөр Дархан-Уул аймагт ажиллав.

Тэд эхний өдөр эрчим хүчний байгууллагуудын ажилтай танилцаж тулгамдаж буй асуудал цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо. “Дархан-Сэлэнгийн Цахилгаан Түгээх сүлжээ” ХК-ийн өвлийн бэлтгэл ажил бүрэн хангагдаж энэ сарын 15-наас өвлийн горимд шилжсэнийг тус компанийн дэд захирал Б.Батжаргал танилцуулав. Эднийх Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн 20 гаруй сумын нийт 47 мянга гаруй хэрэглэгч, таван мянган томоохон үйлдвэр, байгууллага тус компанийн хэрэглэгч юм. Тус байгууллагын инженерүүд ухаалаг тоолуурын шинэ санааг гаргаж БНХАУ-д угсруулан патентжуулж 2013 оноос орон сууцны иргэдэд уг ухаалаг тоолуураа нэвтрүүлсэн нь Монгол Улсын хэмжээнд анх удаа өдөр, шөнийн тариф тооцдог дэвшилтэт технологи болсныг энэ үеэр онцолж байлаа.

“Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК нь өөрсдийн хөрөнгөөр хоёр дэд станцыг шинээр барьж нэг дэд станцыг өргөтгөж зассан. Эдгээрийн нэг болох шинээр ашиглалтад орсон 35 кВ-ын “Ханжаргалантын дэд станц”-тай салбарын сайд танилцсан юм. Энэхүү дэд станцад хамгийн сүүлийн үеийн гэж нэрлэгддэг Германы тоног төхөөрөмжийг суурилуулсан гэдгээрээ давуу талтайг онцлон танилцуулав. Сайд техник технологийн дэвшлийг үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаад нь талархал илэрхийлээд цаашдын ажилд нь амжилт хүслээ.

                                                                                                                                                           Б.Норовсамбуу

Related news