Дархан-Уул аймагт идэвхтэй ажил хайгч 2100 иргэн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн ЗДТГ-аас эрхлэн зохион байгуулсан “Хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд орон нутгийн бодлого, санаачлагыг өрнүүлэх нь” сэдэвт сургалт болов.
Сургалтыг ажилгүйдлыг бууруулж ялангуяа 18-35 насны залуусыг орлоготой болгохын тулд ажил олгогч байгууллагуудтай хамтарч олон ажил хийхээр төлөвлөсөн. Үүний дагуу залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийн талаарх орон нутгийн түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлж дэмжих зорилгооор зохион байгуулж байгааг аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого, Төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат нээлтэд хэлсэн үгэндээ онцлов. Тус сургалтад МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Залуучуудын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн захирал Т.Энхтуяа, аймгийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газрын дарга, мэргэжилтнүүд, Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөлийн гишүүд, ажил олгогчдын төлөөлөл оролцлоо.
Энэ үеэр залуусын хөдөлмөр эрхлэлтийг орон нутгаас хэрхэн дэмжих, гадны хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөрүүдийг аймгийн бодлогод уялдуулах чиглэлээр хэлэлцлээ. Тухайлбал: Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр 2016 оны нэгдүгээр сараас эхэлсэн “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл” баруун таван аймаг, Баянхонгор, Өмнөговь, Дархан-Уул аймгуудад хэрэгжиж байгааг дурдав.
Дархан-Уул аймгийн хувьд 18-35 насны ажилгүй 8000 гаруй иргэн байдгаас идэвхтэй ажил хайгч 2100 гаруй иргэн байдаг. Энэ тоог дахин нягталж эдгээр иргэдээс хэд нь ажлын байр захиалагч байгууддагуудын шалгуурт нийцэх эсэх тухай бодит судалгааг гаргаж аймгийн ХХҮГ-ын Хөдөлмөр Эрхлэлтийн хэлтэстэй хамтарч мэргэшүүлэх сургалтад хамруулах ажлуудыг хийх тухай ярилцаад мөн үеэр хэлэлцэгдсэн саналуудыг Хөдөлмөр Эрхлэлтийн үндэсний зөвлөлөөр батлуулж 2017 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төсөлд тусгахаар боллоо.
Б.Норовсамбуу