“Ширээ нуруу”-нд байгуулагдсан цэцэрлэгийн шинэ бүлгийн нээлт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 11:13:21

Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар Цэцэрлэгийн салбар бүлгийн нээлт тус сумын алслагдсан гэр хороолол болох Ширээ нуруунд болов.

Нээлтэд Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимын дарга Л.Гүнчин зэрэг аймгийн удирдлагуудын төлөөлөл болон БСГ-ын Барилга Захиалагчийн хяналтын инженер Б.Буянбат нар оролцлоо.

Ширээн нуруунд цэцэрлэгийн насны 90 гаруй хүүхэд байдгаас 80 хүүхэд бүртгүүлжээ. Үлдсэн хүүхдүүдийг нэмж хамруулахаар ажиллаж байна гэж шинээр нээгдсэн цэцэрлэгийн бүлгийн арга зүйч нь танилцуулав.

Энэхүү салбар бүлгийг нээснээр эдийн засгийн болон боловсон хүчний орон тоо хэмнэх ач холбогдолтой, цаашид авто зам, явган хүний зам болон орчин тойрны тохижилтын ажлыг хийхээр төлөвлөж байгааг Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцоллоо. Уг салбар бүлэг нь нэг давхар байшин болон хоёр гэрт бага, ахлах, холимог гэсэн гурван бүлгээр сургуулийн өмнөх боловсрол олгох сургалтаа эхэлж байна. Нээлтийн өмнөх өдөр нь гал тогооны тоног төхөөрөмжөө хүлээн авч угсралтын ажил явагдаж байгаа тул энэ сарын 14-нд буюу лхагва гарагт хүүхдүүдээ хүлээж авахаар болжээ. Мөн БСШУ-ны Сайдын багцаас 29 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ширээ, сандал зэрэг тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийгдсэн бол цагаан хэрэглэл зөөлөн эдлэл хэрэгслийг нь орон нутгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн байна.

Ширээ нурууны нутаг дэвсгэр нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяанд байдаг ч энд Дархан сумын 540 өрх амьдардаг байна. Иймд сумын захиргаа анхаарлаа хандуулж 128 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 13 дугаар цэцэрлэгийн салбар бүлгийн бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн сарын 15-аас эхлүүлж барилга, угсралт засварын “Бор божуу” ХХК гүйцэтгэгчээр ажиллажээ.

          Б.Норовсамбуу

Related news