БУЛГАН: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргааны тэтгэмжийг 20 хувь, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асран хамгаалагчдад олгох тэтгэмж 8.6 хувь нэмсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Баясгалан нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ саналыг сонсохоор 21 аймгаар тойрон ажиллаж байна.
Тэрбээр 17 дахь аймгийнхаа буюу Булган аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, асран хамгаалагчид, иргэний нийгмийн байгууллагуудтай энэ сарын 24-нд уулзаж тэдний санал хүсэлтийг сонссон байна.
Уулзалтад аймгийн удирдлагууд, холбогдох хэлтэс агентлагийн дарга нар, Булган аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний асран хамгаалагчид оролцож тулгамдаж буй асуудлуудыг бодлого, хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэх талаар санал солилцжээ.
Тэрбээр, "Аргагүй л анхдагчдын нутаг юм аа. 21 аймаг тойроход 17 дахь аймаг дээрээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан лифттэй Нутгийн удирдлагын ордон руу орлоо. Лифт бол тансаглал биш, хүртээмжийн асуудал. Ахмадууд, тусгай хэрэгцээт хүмүүс, хөл муутай иргэдэд нэн шаардлагатай зүйл л дээ" хэмээв.
Аймгийн хэмжээнд нийт хүн амын 2.9 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн эзэлж байгаа бөгөөд аймгийн төвд буюу Булган суманд нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 25.2 хувь нь ажиллаж амьдарч байна. Мөн байнгын асаргаа шаардлагатай тусгай хэрэгцээт хүүхэд 1,1 хувийг эзэлж байгаа бөгөөд боловсролын үйлчилгээнд 65.2 хувийн үзүүлэлттэй хамрагдаж байгаа аж.




Ulaanbaatar