Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 төвд нэгтгэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-12-17 16:31:01

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын харьяа Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд нэгтгэж, 108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв болголоо.


ЗГХМОНХГ-ын мэдээлснээр, энэ нь төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулах, бүтээмжийг дээшлүүлэх, хүний нөөцийн дутагдлыг шийдвэрлэх, олон нийтэд хүрч ажиллах боломжийг өргөжүүлэх зорилготой. 108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын харьяанд ажиллуулж,  дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирт даалгав.


Ингэснээр дуудлага мэдээлэл хүлээн авах шугам бүрэн хэмжээнд ажиллах, хүүхэд хамгааллын шуурхай тусламж, үйлчилгээ үзүүлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн аюулгүй байдлыг хангах, илрүүлэх, зөвлөгөө, мэдээлэл өгөх, тэдний эрх ашгийг хамгаалах ажлын хүртээмж, чанар сайжирна гэж үзэж байгаа аж.

Related news