Улаанбурханы эсрэг дархлал тогтоцын судалгааг эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-11-17 20:49:00

Улаанбурханы эсрэг дархлал тогтоцын судалгаа Дундговь аймагт өнөөдрөөс эхэлж байна. Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, аймгуудын Эрүүл мэндийн газар, Статистикийн үндэсний хороо хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр үндэсний хэмжээнд энэхүү судалгааг эхлүүлж байгаа ажээ.

Улаанбурхан улаануудын эсрэг дархлал тогтцын түвшингийн судалгаанд Улаанбаатар хот, 21 аймгийн 6030 өрхийн 3984 хүнийг хамруулна. Ингэхдээ санамсаргүй түүврээр сонгосон сум, баг, өрхийн 6 сартай хүүхдээс эхлэн 35 хүртэлх насны иргэдээс цусны сорьц авах юм байна.  

Дундговь аймгийн хувьд Эрдэнэдалай, Дэрэн, Дэлгэрхангай, Говь-Угтаал, Хулд, Сайнцагаан сумын 280 гаруй өрх судалгаанд хамрагдана. Эдгээр суманд ажиллах багийн сувилагч, лаборант нарт “Улаанбурхан, улаануудын эсрэг дархлал тогтоцын түвшингийн судалгааны сорьц авах, түүнийг  хэрхэн хадгалж тээвэрлэх талаар сургалтыг аймгийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулж, нэгдсэн арга зүйгээр хангасан байна.

Мөн сорьц авч, тээвэрлэхэд хэрэглэгдэх зөөврийн сав, цус авах хуруун шилнээс эхлээд зүү, спирттэй хөвөн, бээлий, лент, аюулгүй хайрцаг, хог хаягдлын уут, урьдчилан бэлтгэсэн сорьцын дугаар, сорьцын бүртгэлийн хуудас, мөсөн элемент зэрэг шаардагдах бүх хэрэглэгдэхүүнийг олгожээ. Судалгааг 9 хоногт авч дуусах юм байна.

Т. Отгонтуяа         

Related news