30 кг загийн үр түүжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн сум дундын ойн анги Өлзийт сумын нутаг Загийн ус хэмээх газраас загийн үр түүжээ. Байгалийн сэргэн ургалтад туслах зорилгоор загийн үрийг ийнхүү түүдэг гэж ойн ангийн дарга Ц.Галбадрах хэллээ.
Өлзийт сумын нутаг дахь Загийн ус нь байгалийн нөөц газраар улсын тусгай хамгаалалтад авсан, 120 гаруй мянган га талбайг эзэлсэн заган ойтой, заган ойн ахиухан нөөц бүхий үзэсгэлэнт газар юм. Загийн үр 10 дугаар сарын дундаас 11 дүгээр сарын дунд хүртэлх хугацаанд боловсорч дууссан байдаг бөгөөд энэ үед үрийг нь түүж авахгүй бол салхинд хийсч, ургах нөхцөл төдийлөн бүрддэггүй ажээ.
Өнгөрсөн жил мөн ингэж загийн үр түүсэн байна. Түүнийг нь Ховд аймгийн ойн анги авсан. Харин энэ жил 30 гаруй кг үр түүсэн бөгөөд үүнийгээ ирэх зун хур тунадас эхлэх үеэр очиж хөрсөнд нь булна гэж ойн ангийн дарга хэлж байна. Ингэснээр заган ойн сэргэн ургах нөхцлийг илүү бүрдүүлнэ гэлээ.
Заг нь луулийн овгийн ургамал. Хамгийн өндөртөө 8 м өндөр ургадаг боловч Монгол орны хувьд 1- 3 метр өндөр, сөөгөн хэлбэрээр ургадаг байна. Загийн үндэс газрын гүнд 5 м хүртэл сунаж, бороо чийг "горьдолгүйгээр" үүнээс ч илүү зайд тархан ургаж чаддаг ажээ.
100 килограмм заг 80 килограмм чулуун нүүрстэй тэнцэх хэмжээний илчлэг буюу 4500 килокалори дулаан ялгаруулдаг учраас говийнхон “ургаа нүүрс” гэж нэрлэдэг ч тал бий. Үүнтэй холбоотойгоор заг ургадаг зарим нутагт түлшинд хэрэглэх сөрөг үйлдэл гардаг учраас заг мод устах аюул Монгол оронд тулгамдсан асуудал болдог.
Т. Отгонтуяа