Хонин толгойд шилжүүлснээр 659,3 мянган толгой мал өвөлжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-11-16 22:26:02

Дархан-Уул аймгийн хэмжээнд 2016-2017 онд хонин толгойд шилжүүлснээр 659,3 мянган толгой мал өвөлжиж хаваржина. Аймаг, сумдад бэлтгэсэн аюулгүйн нөөц бүрдүүлэлт 306,4 тонн өвс, 69 тонн тэжээл бэлтгэж гүйцэтгэл нь 95 хувьтай байна.

Энэ өвөл цас их орж зам даваа хаагдах болон мал бэлчээрлэх боломжгүй үед ашиглагдах тусгай зориулалтын өөрөө явагч 77 техникийн судалгааг сумдаас авч нэгтгэсэн. Бэлчээрийн даац хүрэлцээгүйгээс өөр аймаг болон өөрийн аймгийн сумдад нийт 492 өрхийн 89 мянган толгой мал өвөлжинэ. Сумдад цасан бүрхүүлийн зузаан нь харилцан адилгүй дунджаар 15-20 см болоод байгаа талаарх мэдээллийг малчдаас ирүүлжээ.

Аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын дарга З.Нэргүй:-“Энэ жил манай аймгийн малчид мичин жилд зуд болно гэдэг утгаар нь хангалттай хадлан тэжээл бэлтгэж авсан. Одоогийн байдлын цасны зузаан 15-20, зарим газраа ялангуяа Сэлэнгэ аймгийн залгаа Орхон сумын нутгаар 15-35 см цастай байна. Цас шуураагүй орсон учраас хатуураагүй зөөлөн байгаа нь малын бэлчээрлэлтэд одоогийн байдлаар ямар нэгэн хүндрэл гараагүй байгаа гэлээ.

                                                                                                                                                    Б.Норовсамбуу

 

Related news