Нарийн ноост хонины чанарыг сайжруулах зохиомол хээлтүүлгийн ажил үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-24 12:42:19

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ADRA олон улсын байгууллага болон Малын удмын сангийн үндэсний төв хамтран дурангийн аргаар зохиомол хээлтүүлгийн ажлыг дөрөв дэх жилдээ хийж байна.


Монгол Улсад үржүүлж буй Хангай, Ерөө, Орхон үүлдрийн нарийн нарийвтар ноост хонины ашиг шим, үүлдэрлэг байдлыг сайжруулах зорилготой юм.  Австралийн мах, ноосны чиглэлийн “Мерино” үүлдрийн 18-21 микрон ширхэгтэй нарийн ноост хуцны гүн хөлдөөсөн үрийг ашиглаж 2022-2023 онд хийсэн хээлтүүлгээс төрсөн хурганы ноос илүү нарийн, атираа сайтай, ясны бүтэц том, мах, ноосны гарц нэмэгдсэн сайн үзүүлэлтүүд гарчээ.

Сэлэнгэ аймгийн Орхон сумын малчин н.Бадрахын хотонд “Мерино” үүлдрийн хуцны үрээр Орхон үүлдрийн хонинд дурангийн аргаар зохиомол хээлтүүлгийн ажлыг өнөөдөр хийж гүйцэтгэсэн байна. Энэ онд Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Ерөө, Орхон сум, Номгон тосгоны нийт 1040 толгой хонинд дурангийн хээлтүүлэг хийжээ. 1985-1990 оны үед Монгол Улсад Хангай, Орхон, Ерөө үүлдрийн 250 мянга гаруй нарийн ноост хонь үржиж, жилд дунджаар 1100-1200 тонн нарийн ноос үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг бүрэн хангаж байжээ. Харин 1990 оноос зах зээлийн шилжилтийн үед үржүүлэг, селекцийн ажил зогссоны улмаас 2022 он гэхэд эдгээр үүлдрийн цэвэр хонины тоо 12 мянган толгой болж буурсан байна. Иймээс ХХААХҮЯ-ны бодлогоор нарийн ноост хонины чанарыг сэргээж, тоо толгойг өсгөх зорилгоор малзүйчдийг сурган, зохиомол хээлтүүлгийн орчин үеийн арга технологийг нэвтрүүлэн сүүлийн дөрвөн жил тасралтгүй хэрэгжүүлж байгаа юм.


Нарийн ноост хонины ноос нь дэлхийд өндөр үнэ цэнтэй “Цагаан алт” хэмээн нэрлэгддэг түүхий эд бөгөөд дотоодын ноос, ноолуурын үйлдвэрүүдийн чанартай түүхий эдийн эрэлт нэмэгдэж буй энэ үед чухал ач холбогдолтой юм. Нарийн ноосоор тансаг зэрэглэлийн, зөөлөн, уян хатан, эдэлгээ сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой тул энэ ажил нь экспортын орлогыг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, шинэ төрлийн бүтээгдэхүүн гаргах зэрэг олон талын ач холбогдолтой юм.





Related news