А.Анисимова Хятадын нээлттэй тэмцээнд түрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-10-06 11:01:57

БЭЭЖИН, 2025 оны аравдугаар сарын 6 /Xinhua/. Америкийн теннисчин Аманда Анисимова ням гарагт болсон эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Чехийн өсөж яваа од Линда Носковаг 6:0, 2:6, 6:2-оор буулган авснаар Хятадын нээлттэй тэмцээнд анх удаа түрүүллээ. 


Дэлхийн чансааны гуравдугаарт эрэмбэлэгдэж буй 24 настай А.Анисимова хагас шигшээ шатанд дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж буй нутаг нэгт тамирчин Коко Гауффыг 6:1, 6:2-оор буулган авснаасаа хойш нэг өдрийн дараа аваргын цомыг өргөжээ.


Өдгөө 20 настай Л.Носкова финалын тоглолтын хоёр дахь сетэд сайн тоглолт үзүүлж, тооны харьцааг тэнцүүлсэн боловч А.Анисимова гурав дахь сетэд 6:2-оор илүүрхэж хожсон байна.


“Гайхалтай өдөр хоногууд өнгөрлөө. Линда маш залуу байна. Бид илүү олон финалд тоглоно гэдэгт итгэлтэй байна. Миний бие бүх хөгжөөн дэмжигчдээ талархаж байна. Тоглогч бүр энэхүү дэмжлэгийг мэдэрч чадсан гэдэгт итгэлтэй байна. Энд би хамгийн сайхан цаг мөчийг өнгөрөөлөө” гэж А.Анисимова тоглолтын дараа ярилаа.



Л.Носковагийн хувьд WTA 1000” ангиллын тэмцээний финалд шалгарсан нь түүний замналын хувьд хамгийн өндөр амжилт байсан бөгөөд тэрбээр энэ удаагийн тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчдийн зүгээс асар их дэмжлэгийг хүлээж байсан Жэн Чиньвэн, дэлхийн чансааны тавдугаарт бичигдэж буй америк тамирчин Жессика Пегула зэрэг хэд хэдэн шилдэг тоглогчийг буулган авсан юм.


WTA 1000” тэмцээний финалд анх удаа шалгарсан Л.Носкова хэлэхдээ, финалын шатанд шалгарсан маань миний хувьд маш сайхан гэнэтийн бэлэг, мартагдашгүй туршлага байлаа хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.


Харин эмэгтэйчүүдийн хосын төрөлд дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй итали теннисчид болох Жасмин Паолини, Сара Эррани нар Японы Мию Като, Унгарын Фанни Столлар нарыг 6:7(1), 6:3, 10:2-оор хожсоноор Хятадын нээлттэй тэмцээний уг төрөлд аваргын цолоо амжилттай хамгаалсан анхны хос болжээ.


Зохион байгуулагчдын мэдээлснээр, 2025 оны Хятадын нээлттэй тэмцээнийг Үндэсний теннисний төвд нийт 360 мянган хүн үзэж сонирхсон нь өнгөрсөн жилийнхээс 20 хувиар өссөн үзүүлэлт болж, кассын орлого 88 сая юаньд /ойролцоогоор 12.36 сая ам.доллар/ хүрсэн байна.

Related news