Израил агаарын довтолгооноос хамгаалах лазерын системийг нэвтрүүлсэн анхны улс болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны есдүгээр сарын 19 /TASS/. Лазерын технологид суурилсан "Төмөр туяа" агаарын довтолгооноос хамгаалах дэвшилтэт системийг 2025 оны эцэс гэхэд Израилын армийн зэвсэглэлд хүлээлгэн өгнө гэж тус улсын Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба мэдээлжээ.
Уг системийг үндэсний батлан хамгаалахын салбарын “Rafael” концерн “Elbit Systems” компанитай хамтран бүтээжээ. "Саяхан мэргэжилтнүүд Агаарын цэргийн хүчний бие бүрэлдэхүүнтэй хамтран өмнөд нутагт энэхүү системийг хэд хэдэн удаа туршлаа. Туршилтын явцад шинэ систем нь пуужин, миномётын сум, нисгэгчгүй онгоц болон бусад нисэх онгоцыг янз бүрийн ажиллагааны нөхцөлд амдан сөнөөх чадвартай гэдгээ харуулсан" гэж Израилын Батлан хамгаалах яам мэдээлсэн байна.
“Эдгээр туршилт нь системийг ашиглалтад оруулахын өмнөх амин чухал үе шат болсон бөгөөд анхны загваруудыг энэ оны эцэс гэхэд Израилын агаарын довтолгооноос хамгаалах хүчинд нийлүүлж эхэлнэ” гэж тус яамны мэдэгдэлд онцолжээ.
Эл үйл явдлын талаар Израилын Батлан хамгаалахын сайд Исраэль Кац мэдэгдэхдээ, тус улс дэлхийд анх удаа ийм төрлийн системийг ашиглаж эхэлнэ гэдгийг онцолжээ. “Лазерын системээр амдан сөнөөх боломжтой болсноор Израил Улс цэргийн технологиор дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлж, ийм боломжийг эзэмшсэн анхны улс болно” гэж Кац мэдэгджээ. Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах лазерын систем нь дайсны агаарын байг “хурдан, оновчтой, маш бага зардлаар” амдан сөнөөх боломжийг бүрдүүлнэ гэж тэрбээр онцолсон байна.
“Төмөр туяа” систем нь (Гэрлийн бамбай гэж мөн нэрлэдэг) лазер туяа ашиглан маш богино зайн тусгалтай пуужин, миномёт болон их бууны сумыг амдан сөнөөх зориулалттай. Мөн жижиг оврын нисэгчгүй нисэх онгоцуудыг устгаж чадна гэж таамаглаж байна.
Израилын пуужингийн довтолгоог эсэргүүцэн хамгаалах системийг шинэчлэх төлөвлөгөөг 2022 онд тухайн үеийн Ерөнхий сайд Нафтали Беннет танилцуулж байжээ. Тухайн үед тэрбээр амдан сөнөөгч олон тооны пуужингуудыг орлож чадах, мөн агаарын довтолгооноос хамгаалах уламжлалт системээс хямд хувилбар болох хамгаалалтын "лазер хана" байгуулахыг санал болгож байв. “Төмөр туяа” системийн анхны туршилтууд амжилттай болсон тухай Изриалын эрх баригчид 2022 оны дөрөвдүгээр сард мэдэгдэж байсан бөгөөд энэ үеэр уг систем нь миномётын болон танк эсэргүүцэх сум, мөн пуужингуудыг амдан сөнөөжээ.