Энэ удаагийн Номын баярт зургаан орны зочид оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Монголын уншигчдын оюун санаанд гэрэл түгээж, хүүхэд залуусыг номын ертөнцөд урин дуудаж ирсэн “Номын ертөнц” энэ жил 20 жилийн ойн баяраа тэмдэглэж уламжлал ёсоор 38 дахь удаагийн “Номын баяр”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулах гэж байна.
Энэ сарын 19, 20, 21-нд болох “Номын баяр”-ын тухай “Номын ертөнц” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч Б.Сувдтай ярилцлаа.
-Дөрөвхөн
хоногийн дараа 38 дахь удаагийн “Номын баяр” эхлэх гэж байна. Намрын баярын гол онцлог юу байх вэ?
-Уншигчдын, иргэдийн хүсэн хүлээдэг баярыг санаачилсан “Номын ертөнц” төрийн бус байгууллагын маань 20 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлогтой юм. Нэг ёсондоо энэхүү номын баярын үүслийг тавихын тулд “Номын ертөнц” маань үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа шүү дээ. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд маш даруухнаар үйл ажиллагаагаа явуулж ирсэн байгууллагаа сурталчилж, олон нийтэд хүргэх ёстой юм болов уу.
-2005 онд анх
байгуулагдаж “UBS”
телевизээр нэвтрүүлэг цацаж эхэлсэн үеийг санаж байна. Тэр цагаас хойш өнөөдрийг
хүртэл хийсэн ажлаасаа юу юуг нь онцлох вэ?
-Телевизийн нэвтрүүлэг, сэтгүүл, клуб зэрэг олон талт ажил хэрэгжүүлж, уншигчдад номын соёлыг дэлгэрүүлсэн. Өнөөдрийг хүртэл хийсэн ажлаа эргэцүүлж байгаад 10-ыг нь чухалчиллаа. Нэгдүгээрт, хүүхэд, залуусыг номтой нөхөрлүүлж, ном руу татан оруулах ажлыг маш сайн хийжээ. Манайх дэргэдээ өсвөрийн номын клубтэй. Клубээр дамжуулж эцэг, эхчүүдэд маш их нөлөөлсөн байна.
“Номын ертөнц” нэвтрүүлгийг анх цацсанаас хойш 740 дугаар үзэгчдийн хүртээл болгожээ. Ингээд 2024 оны нэгдүгээр 24-нд гэрээ маань дуусгавар болсон. Тодорхой шалтгааны улмаас зогссон. Гэхдээ 1000 дугаар хүргэх зорилттой. Дараагийн уншигчдыг бэлдэхийн тулд ирэх 20 жилд хүүхдүүд рүү чиглэж байна. Бид зөвхөн “Номын баяр” зохион байгуулаад явсан юм биш. Номын салбарт хэрэгтэй хууль, тогтоомжийг батлуулахад хувь нэмрээ орууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч жил бүрийн есдүгээр сард орон даяар “Номын баяр”-ыг тэмдэглэх зарлиг гаргасан шүү дээ.
Ер нь номын соёл түгээх, үндэстэн даяараа ном уншдаг байхын тулд хууль, тогтоомжид санал оруулж, хэлэлцүүлэн батлуулсан байна. Олон улсад өөрсдийгөө болон Монголын зохиолч, хэвлэн нийтлэгчдийг сурталчлах чиглэлээр ч чамгүй сайн ажиллажээ.
Хаврын “Номын баяр”-ын дараагаас эхлээд намар хүртэл бараг гурван сарын хугацаанд олон улсын номын экспод оролцож, эх орноо сурталчилсан. Монголын номын соёл ямар түвшинд явааг гадаадад таниулж явна даа. Үүнээс гадна “Редактор” клубийг байгуулан мэргэжлийн ур чадварыг шинэ шатанд гаргасан, “Либро сувд агентлаг” утга зохиолын агентлагийн ажлыг эхлүүлсэн. Агентлагийн зүгээс 2024 оны хүүхдийг шилдэг ном болох “Нисдэг ном”-ыг эх хэлнээ хөрвүүлэн, бяцхан уншигчдадаа хүргэх юм. Номоо хэвлэлтэд шилжүүлсэн. Түүнчлэн Олон улсын номын үзэсгэлэнд оролцож Монголын ном, утга зохиолыг дэлхийд таниулах, орон нутгаар аялж, хүүхэд, залуусын номтой нөхөрлөлийг дэмжсэн “50 ном” төсөл, уншлагын уралдаан, тэмдэглэлийн уралдааныг зохион байгуулж, хүүхэд, залуусын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд уриалж явна даа.
-“Номын баяр”-ын
оролцогчдын дийлэнх нь өсвөр насныхан болон залуучууд байгаа харагддаг. Оролцогчдын
судалгаа судалгаа байдаг уу?
-Бид “Номын баяр” болгоноор тогтмол судалгаа явуулдаг. Судалгаагаар “Номын баяр”-т оролцогчдын 80 хувь нь 9-24 насныхан байна. Бүр цаашилбал 50 хувь нь 9-17 насныхан. Ингээд бодохоор хүүхэд, залуучууд маань эргээд номонд дуртай болж, номтой нөхөрлөдөг болсон. Тиймээс хүүхдүүдэд ямар өгөх вэ, идэвхжүүлэлт хэрхэн хийх вэ зэрэг анхаарлаа хандуулж байна. Залуу үе маань номд дуртай болж байна гэдэг сайн хэрэг. 20 жилийн өмнө анх “Номын ертөнц”-ийг үүсгэн байгуулахдаа тавьсан зорилт маань биеллээ олж байгаа юм. “Номын баяр”-ыг монголчуудын 90-ээс дээш хувь нь мэддэг. Энэ бол брэнд болсон үйл ажиллагаа. Үүнийг хүмүүс хүлээж байгаад өөртөө зориулж оюуны хөрөнгө оруулалт хийдэг. Энэ бол сайн жишээ. Харин цаана нь ямар байгууллага байгаа вэ, баярыг хэн зохион байгуулдаг вэ гэхээр мэддэггүй. Тэр утгаараа “Номын ертөнц”-ийг олон нийтэд таниулах шаардлага үүслээ. Хэвлэл, мэдээллийнхнийг мөн хамтран ажиллаасай гэж хүсье.
-“Номын баяр”-т тогтмол оролцдог уншигчдын дунд нэг хүлээлт бий болсон байна. Энэ нь гаднын
алдартай зочин зохиолч. Тиймээс 20 жилийн ойн хүрээнд болж буй энэ баярт онцгой
зочин ирэх үү?
-Энэ жилийн баяр олон улсын өнгө аястай. Казахстаны “Номын баяр” зохион байгуулагч “Фолиант” хэвлэлийн газрын захирал ирнэ.
Мөн Францын яруу найрагч, Туркийн хоёр хэвлэлийн газар, ОХУ, БНХАУ-ын Өвөр монгол, Солонгосын зэрэг олон орны төлөөлөгч хүрэлцэн ирж байгаа. Зохиолч Г.Аюурзанын казах хэлээрх “Тэнгэрийн судар” номыг танилцуулах ёслол болно.
Турк хэлээс орчуулсан “Нисдэг ном”-ыг бага ангийн номын сантай ангид бэлэглэх, байгаль экологийг мэдлэгийг түгээх зорилгоор “50 ном” календарийг ерөнхий боловсролын сургуулиудад үнэгүй тараах, уншлагын уралдааны удирдамжийг хүргэнэ.
-Зохиолч,
орчуулагч, хэвлэн нийтлэгчид “Номын баяр”-аар шинэ номтой оролцохыг эрмэлздэг.
Уншигчид ч хүлээдэг болсон. Танайд тодорхой хэмжээгээр мэдээллээ өгч байгаа
байх. Шинэ номоос танилцуулж болох уу?
-Маш олон шинэ номын нээлт болно. Зохиолчийн өмнөөс шууд мэдээлэл өгөх нь зохимжгүй байх. Уншигчид маань өөрсдөө ирээд мэдвэл илүү дээр биз. Мэдээж манай редакцын зүгээс “Номын ертөнц” сэтгүүлийн шинэ дугаар уншигчдын гарт хүрнэ. Дээр дурдсанчлан хүүхдийн шинэ ном бий. Ер нь олон зохиолч шинэ номтой оролцоно.
Ер нь хавар, намрын “Номын баяр”-аар зохиолчид шинэ бүтээлтэй оролцож, уншигчидтайгаа уулзахыг илүүд үздэг болсон байна. Уншигчид ч гэсэн шинэ номыг нь хүлээдэг болжээ. Ганц, нэгийг сонирхуулж хэлэхэд, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн “Уянгын тойрог” гурван цуврал пянз шинээр хэвлэгдсэн байна билээ. Манай хэвлэл, мэдээллийнхэн 38 дахь удаагийн “Номын баяр”-ын 38 онцлох номыг танилцуулж ч мэдэх юм. Мөн энэ үеэр баярын уур амьсгалд чимэг нэмж ардын язгуур урлагийн тоглолт, бүжиг, дуу, хөгжим Монголын соёлын амьд өвийг мэдрүүлнэ.
-Ярилцлагын төгсгөлд номын үнэнч уншигч, номын баярын оролцогчдод хандаж юу хэлэх
вэ?
-Уншигчдаа идэвхтэй оролцохыг урьж байна. Ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, анги хамт олноороо идэвхтэй оролцохыг уриалъя.
Ангийн багш, сургуулийн номын санчид маань хүүхдүүдээ 50 номын уралдаанд идэвхтэй оролцуулаарай.