Зорчих хөдөлгөөнийг маргааш өглөө 10 цаг хүртэл түр хязгаарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-11-13 15:41:52

Их хэмжээ цас орж, зам даваа хаагдсан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан Мандалговь Улаанбаатарын хооронд зорчигч тээврийн үйлчилгээ түр зогслоо. Зам тээвэр хөгжлийн сайдын тушаалаар өнөөдрийн 13 цагаас маргааш өглөөний 10 цаг хүртэл улсын хэмжээний автозам, замын байгууламжийг хааж, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоожээ.

Үүнтэй холбогдуулан Дундговь аймгийн Авто тээврийн төв, Замын цагдаагийн тасгийн хамтарсан эргүүл автозамын хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна. Одоогийн байдлаар Даланзадгад Улаанбаатарын чиглэлийн зорчигч тээврийн нэг автобус Мандалговьд саатаад байгаа бөгөөд үүн дээр мөн хоёр автобус нэмэгдэж ирнэ гэж Авто тээврийн төвийн дарга Д. Цогбадрах хэллээ.

Мандалговиос өнөөдөр 14 цагт явах байсан зорчигчид, маргааш өглөө 8 цагт явах зорчигчид бүгд хязгаарлалтын хугацаа дуусгавар болсны дараа буюу маргааш өглөөний 10 цагт Мандалговиос хөдлөхөөр болов.

Одоогийн байдлаар Мандалговьд цасан шуургагүй байна.Цаг агаарын мэдээгээр өнөөдөр Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн нутгаар цас орж, салхи секундэд 18- 20 м, зарим үед 24 метр хүртэл ширүүсч, цасан болон шороон шуургатайг анхааруулж байгаа юм.

Т. Отгонтуяа

Related news