Н.Иноүэ үнэмлэхүй аварга цолоо тав дахь удаагаа хамгааллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-09-15 10:45:33

ТОКИО, 2024 оны есдүгээр сарын 4 /TASS/. Японы боксчин Наоя Иноүэ 55.22 кг-ын жинд дэлхийн боксын үнэмлэхүй аварга цолоо хамгааллаа. Нагояд болсон 12 үеийн тулалдаанд тэрбээр Узбекистаны боксчин Мурожон Ахмадалиевийг шүүгчдийн шийдвэрээр ялжээ. 


Хажуугийн гурван шүүгч рингний эзэн тамирчинд илт давуу ялалтыг өгсөн бөгөөд онооны харьцаа 118:110, 117:111, 118:110 байв. Иноүэ тулалдааны туршид өрсөлдөгчөө илт илүүрхсэн байна. Ахмадалиев өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулахыг оролдсон боловч Иноүэ хурд, хөдөлгөөн, идэвх, цохилтын хүчний аль алинаар илүү байв. Ахмадалиевийн довтолгоо төдийлөн оновчгүй байсан боловч зарим цохилт нь байндаа тусаж байлаа. Сүүлчийн хэдэн секундийн турш Узбекстаны боксчин хүчтэй цохиж байсан хэдий ч ялалтыг авч чадсангүй.


Иноүэ Дэлхийн боксын зөвлөл, Дэлхийн боксын байгууллагын дэлхийн аварга цолыг зургаа дахь удаагаа, Олон улсын боксын холбоо, Дэлхийн боксын холбооны аваргын бүсийг тав дахь удаагаа хамгааллаа. Тэрбээр 55.22 кг-ын жинд дэлхийн үнэмлэхүй аварга цолоо тав дахь удаагаа хамгаалжээ. Өдгөө 32 настай Японы боксчин мэргэжлийн боксын рингэнд 31 удаа ялж, нэг ч ялагдал хүлээгээгүй байна.


2023 онд Японы боксчин "super-bantamweight" жингийн ангилалд дэлхийн үнэмлэхүй аварга болжээ. Үүнээс өмнө тэрбээр 53.52 хүртэлх кг-ын жинд нэр хүндтэй дөрвөн холбооны бүх бүсийг хүртэж байв. Иноүэ мэргэжлийн холбоод дөрөв болсны дараа хоёр жингийн ангилалд дэлхийн үнэмлэхүй аваргын цол хүртсэн хоёр дахь боксчин болжээ. Энэ амжилтыг хамгийн анх АНУ-ын боксчин Теренс Кроуфорд 63.5 кг ба 66.68 хүртэлх кг-ын жинд тогтоож байсан юм. Ням гарагт Кроуфорд Мексикийн боксчин Сауль Альваресыг шүүгчдийн шийдвэрээр ялж, гурван жингийн ангилалд дэлхийн үнэмлэхүй аварга болсон анхны боксчин болжээ. Дэлхийн аваргын гурван нэр хүндтэй бүсийг Америкийн Эвандер Холифилд 90.71 хүртэлх кг болон хүнд жингийн төрөлд хүртэж байв


Иноүэ 48.99 кг, 52.16 кг, 53.52 кг, 55.22 кг гэсэн дөрвөн жингийн ангилалд дэлхийн аварга болжээ. 2019 онд Филиппиний боксчин Нонито Донэйрийг ялж, Дэлхийн боксын супер цувралын ялагч болсон байна. 



Related news