ОРХОН: Нярайн эрт илрүүлэгт шаардлагатай тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-09-10 15:02:37

Баян-Өндөр, 2025 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Нярайн цогц эрт илрүүлгийн хөтөлбөрийг НҮБ-ын Хүүхдийн сан, ЭМЯ, АШУҮИС-тай хамтран улс орон даяар хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 

Тус ажлын хүрээнд Нярайн цогц эрт илрүүлгийг нутагшуулах бүсчилсэн сургалт Орхон аймгийн БОЭТ-өөс эхэллээ. 

 

Сургалтыг НҮБ-ын Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч Ян Му, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Дэмбэрэл нар хамтран нээж, нярайн эрт илрүүлэгт шаардлагатай зарим тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө.

 

Тус бүсчилсэн сургалтыг мөн Ховд, Дорнод, Өвөрхангай аймгийн БОЭТ-үүдэд тус бүр зохион байгуулж байна.   


Тус хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангаас нярайн эрт илрүүлгийн төвүүд байгуулан, эмч мэргэжилтнүүдэд сургалт хийж чадавхжуулан, хөдөлгөөнт тэсвэртэй пульс оксиметрийн аппаратыг улс даяар нийлүүлж, төрөх тасгуудыг цахим бүртгэлийн компьютер, хуруу уншигч болон принтерээр хангаж, мэдээллийн үнэн зөв байдлыг сайжруулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.


Өнөөдөр нярайн цогц скрининг шинжилгээг нутагшуулах сургалт үргэлжилж байна. 


Сургалтын хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нярайн бодисын солилцоо, дотоод шүүрэл, зүрх, тархи, нүд, сонсголын скринингийн онолын мэдлэг болон дадлага ур чадварыг эзэмшиж, төрөлхийн эмгэгийг эрт илрүүлэх арга барилд суралцлаа.


Энэхүү сургалт нь орон нутгийн эмч, сувилагчдын чадавхыг нэмэгдүүлж, эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж байна.





Related news