Ховор, содон амьтдыг монголчуудад “Amazing Zoo Park”-аар үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-04 09:32:27

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Монголд анх удаа 400 гаруй амьтныг үзүүлэх “Amazing Zoo Park” үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна.


Тодруулбал, “Даймонд циркус”, “Амазон” амьтны хүрээлэнтэй хамтран “Буянт-Ухаа спортын ордонд энэ сарын 6, 7-ны бямба, ням гарагт Монголд байдаггүй ховор амьтдыг үзүүлэх аж. Энэхүү эвентэд очсоноор арслангийн гүег, 4 метрийн урттай аварга могой, матар, сармагчин зэрэг ховор, содон амьтдыг дэргэдээс үзэхийн сацуу хамтдаа зургаа авахуулах боломжтойг зохион байгуулагчид онцоллоо. Арслангийн бяцхан гүегийг албан ёсны зөвшөөрлийн дагуу Монгол Улсад нутагшуулахаар тээвэрлэн авчирч байгаа аж.


10:00-20:00 цаг хүртэл үргэлжлэх уг үйл ажиллагааны талаар “Даймонд Циркус”-ыг үүсгэн байгуулагч Н.Дашдэндэв ярихдаа “Монголын анхны заалны амьтны хүрээлэнг албан ёсоор нээх гэж байна. Үүгээр Монголд болон дэлхийд ховордсон амьтдыг танилцуулах юм. Тийээс гэр бүлээрээ хамтдаа цагийг өнгөрөөхийг уриалж байгаа бөгөөд амьтдыг хамгийн ойроос харах, хүрч үзэх боломжийг олгоно. Давхардсан тоогоор 300-400 төрлийн амьтан цуглуулсан. Танин мэдэхүйн ертөнцийн хамгийн том хаалгыг хамтдаа нээж байгаадаа баяртай байна” гэв.


Тэгвэл “Амазон” амьтны хүрээлэн, дэлгүүрийг үүсгэн байгуулагч М.Өлзийтөмөр “Уламжлалт амьтны хүрээлэн нь хүнийг хол зайнаас тор эсвэл шилний цаанаас харуулдаг. Харин дотор заалны амьтны хүрээлэн тэс өөр. Амьтдыг ойроос харахын зэрэгцээ заримыг хооллож, хүрч үзэх, хамт зураг авахуулах боломжийг бүрдүүлснээр илүү гүн мэдрэмж төрүүлдэг. Манай эвентэд бяцхан хүүхдүүдээс эхлээд 80 настай буурал хүртэл оролцох боломжтой. Бүх насны хүмүүст нээлттэй бөгөөд мартагдашгүй дурсамжийг бүтээхийг амлаж байна” хэмээн ярилаа.


400 гаруй нэг дор цуглуулсан заалны амьтны хүрээлэнг үзэх тасалбарын үнэ 40 мянган төгрөг бөгөөд Portal.mn, ticket.mn, shoppy.mn сайт болон СU, GS25, “ИМарт” сүлжээ дэлгүүрийн салбарууд, Улсын их дэлгүүр, “Галлериа Улаанбаатар”-т худалдаалж байгаа аж. 









Related news