Аж үйлдвэрийн жишиг цогцолбор байгуулах төслийг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2025-08-26 16:56:57

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Хятадын "Zero Carbon Engine Technology Group" компанийн төлөөлөгчидтэй уулзав.


Уулзалтын эхэнд төлөөлөгчид, БНХАУ-ын Хоулин гол хот нь нүүрсний баялаг нөөцтэй, үүнд тулгуурлан аж үйлдвэрийн сүлжээг хөгжүүлж нүүрсний цахилгаан эрчим хүч, хөнгөн цагааны хайлш, хөнгөн цагааны дараагийн шатны боловсруулах үйлдвэрүүд дагалдан хөгжсөнийг тэмдэглээд, Монгол Улсын Сүхбаатар аймагт аж үйлдвэрийн цогцолборыг жишиг болгон байгуулах төслийг танилцуулав.


Нүүрстөрөгчгүй аж үйлдвэрийн паркийн төсөл нь 3.5 сая тонн хөнгөн цагаан үйлдвэрлэх хүчин чадалтай, сэргээгдэх эрчим хүчний станц, эрчим хүч хадгалалтын систем, хөнгөн цагааны үйлдвэрийг эрчим хүчээр хангах дулааны цахилгаан станц зэргээс бүрдэх юм.

Сайд Г.Дамдинням аж үйлдвэрийн парк байгуулах нь Монгол Улсын хувьд нэн шаардлагатай, цаг хугацаа, технологи, хүч хөрөнгө оруулалт шаардсан томоохон ажил гэдгийг онцлоод төслийг хэрэгжүүлэхэд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам дэмжихээ илэрхийлжээ.

Related news