В.Зеленский даваа гарагт Д.Трамптай уулзана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 16 /CNN/. Аляскт болсон уулзалтын дараа “удаан ул суурьтай ярилцсаны эцэст” ирэх даваа гарагт Вашингтон хотод очиж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар шийдсэн тухайгаа Украины Ерөнхийлөгч В.Зеленский мэдэгдлээ.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Ливитт-тийн хэлснээр, Аляскаас буцаж нисэх 6 цагийн ихэнх хугацаанд Ерөнхийлөгч Д.Трамп эхлээд Зеленскийтэй утсаар ярьж, дараа нь уг ярианд Европын орнуудын удирдагчид оролцсон байна. Трамп байр сууриа илэрхийлэхдээ “энхийн гэрээ байгуулах нь гал зогсоох хэлэлцээрээс илүүтэй Украины дайныг эцэс болгох хамгийн зөв арга зам мөн, үүнийг Украин болон түүний холбоотнууд хүсэж шаардаж байна” гэв.
Зеленский Телеграм сүлжээний хуудсандаа бичихдээ, Украины асуудлаарх гурван талт уулзалтыг зохион байгуулах тухай Трампын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд "миний бие даваа гарагт Вашингтонд очиж, дайныг дуусгах талаарх нарийн ширийн зүйлүүдийн талаар Ерөнхийлөгчтэй Д.Трамптай ярилцана" гэжээ.
Д.Трамп Аляскт В.Путинтэй уулзсаныхаа
дараа телевизийн Fox News сувагт ярилцлага өгөхдөө “одоо бүх зүйл
В.Зеленскийгээс хамаарна” гэсэн бөгөөд Украин, Оросын Ерөнхийлөгч нартай хамт гурван
талт уулзалт хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр хэлэхдээ “Путин бид
хоёр томоохон ахиц дэвшил гаргасан боловч Украины дайны талаар яг тохиролцоонд
хүрээгүй” гэсэн билээ.