Долоодугаар сар түүхэнд гуравт бичигдэх халуун сар болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2025-08-07 15:00:51

БРЮССЕЛЬ, 2025 оны наймдугаар сарын 7 /DW/. Цаг агаарын мэдээллийг эмхэтгэж эхэлснээс хойших хамгийн халуун гурав дахь сар энэ оны долоодугаар сард тохиолоо гэж цаг уурын мэргэжилтнүүд пүрэв гарагт мэдээлжээ. 


Долоодугаар сард дэлхийн гадаргын агаарын дундаж температур Цельсийн 16.68 хэмд хүрсэн нь 1991-2020 оны дунджаас 0.45 хэмээр өндөр байжээ. Тухайн сард Ирак, Турк, Булангийн орнуудад Цельсийн 50 хэмээс дээшилж халсан бол Хятад, Пакистанд хүчтэй аадар бороо орсны улмаас олон зуун хүн амиа алдсан юм.


Европын Холбооны Уур амьсгалын өөрчлөлт судлалын албаны дарга Карло Буонтемпо хэлэхдээ, дэлхийн түүхэн дэх хамгийн халуун долоодугаар сар 2023 онд тохиосноос хойш хоёр жилийн дараа дэлхийн температур түүхэн дээд үзүүлэлтэд хүрч өсөхөө түр зогслоо гэв.


Гэхдээ энэ нь уур амьсгалын өөрчлөлт зогссон гэсэн үг бишгэдгийг тэрбээр цохон тэмдэглээд, дэлхийн дулаарлын үр дагаврыг бид амссаар байна хэмээн хэлжээ. Хэдийгээр 2023, 2024 оны долоодугаар сард бүртгэгдсэн шиг өндөр биш боловч агаарын температур 1850-1900 оны үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.25 хэмээр өндөр хэвээр байна.


“Долоодугаар сард хэт халуун, сүйтгэлт үер зэрэг байгалийн гамшигт үзэгдлүүд дэлхий даяар нүүрлэж, дэлхийн дулаарлын нөлөөг бид үргэлжлүүлэн амслаа” гэж К.Буонтемпо хэлжээ. Агаарын температурын өсөлтийн гол шалтгаан нь олборлодог түлш шатааж байгаатай холбоотой юм.


“Хэрэв бид агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламжийг аль болох ойрын хугацаанд тогтворжуулахгүй бол агаарын температур түүхэн дээд үзүүлэлтүүдэд хүрээд зогсохгүй дэлхийн дулаарлаас үүдэлтэй үр дагавар улам дордох болно” гэж К.Буонтемпо тайлбарлалаа. 

Related news