АНУ-ын нээлттэй тэмцээн түүхэнд байгаагүй өндөр шагнал амлалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-08-07 12:42:34

ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 7 /BBC/. АНУ-ын нээлттэй тэмцээний нийт шагналын санг 90 сая доллар болгохоор шийдвэрлэсэн нь “теннисний түүхэн дэх хамгийн том шагналын сан” болж байна.  


Ингэснээр эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн ялагч тус бүр 5 сая доллар гардан авахаар болжээ. Ганцаарчилсан төрлийн аваргуудын мөнгөн шагнал 2024 онд 3.6 сая доллар байснаас 39 хувиар өссөн бол нийт шагналын сан өнгөрсөн жилийнхээс /75 сая доллар/ 20 хувиар өссөн байна.


Бусад тэмцээнийхтэй харьцуулж үзвэл, энэ жилийн Уимблдоны нийт шагналын сан 53.5 сая фунт стерлинг /68 сая доллар/ байсан бөгөөд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд түрүүлсэн тамирчид тус бүр 3 сая фунт стерлингийн шагнал авчээ.


Тэгвэл АНУ-ын нээлттэй тэмцээний эхний тойрогт хасагдсан тоглогчид 110 мянган доллар авах бөгөөд энэ нь өмнөх тэмцээнийхээс 10 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн энэ жил эрэгтэй, эмэгтэй хосын төрөлд  4.78 сая долларын шагнал санал болгож буй нь 2024 оныхоос 23 хувиар өсжээ.


Энэ жилийн АНУ-ын нээлттэй тэмцээн наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 7-ны өдрүүдэд болно.  

Related news