Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан ойн түймрийн долоон голомтыг унтраахаар ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 29 /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын дэд дарга Я.Гантөмөр, УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудалтай танилцав.
Энэ үеэр НОБГ-ын 40 алба хаагчийг түймрийн голомтод нэмж ажиллуулахаар хуваарилж, гал унтраах тоног төхөөрөмж болоод бусад шаардлагатай багаж хэрэгслийг хүлээлгэн өгсөн юм. Мөн УОК-оос түймрийг унтраах ажиллагаанд зарцуулах шатахууны 50 сая төгрөгийг шийдвэрлэлээ.
Онцгой байдлын байгууллага, орон нутгийн мэргэжлийн ангийн 230 хүн тус суманд гарсан ойн түймрийн долоон голомтыг унтраахаар ажиллаж байна.