УВС: Долоон үеийн дархны “Хөх сар” үзэсгэлэнг нээв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/ Увс аймгийн түүхт 100 жилийн ой, Түргэн сумын 100 жилийн тэгш ой, Төгсбуянтын хүрээний түүхт 300 жилийн ойг тохиолдуулан Дөрвөд далай ханы алдарт дархан Арсан Хавдарын 8 дахь үеийн уран дархан, ган сийлбэрч Ч.Ган-Очир "Хөх сар" уран бүтээлийн үзэсгэлэнгээ аймгийн Музейд нээлээ.
"Хөх сар" үзэсгэлэнгийн гол бүтээл нь гангаар хийсэн галын тулга байсан бөгөөд Монгол түмний гал голомт хэзээ ч тасарч бөхөхгүй, мөнх бадамлах болно гэсэн утга агуулгыг илэрхийлж урласан байна.
Уран дархан, ган сийлбэрч Ч.Ган-Очирын аав Сүхбаатарын Чинбат нь өдгөө Улаангом хотноо тасралтгүй 30 гаруй жил дарх хийж байгаа уран гартан юм. Түүний өвөө Ө.Гүнзэний урласан бүтээлүүд аймгийн Музейд болон Үндэсний түүхийн музейд хадгалагдсаар байна. Мөн дээд өвөг болох Арсан Хавдрын урласан Дөрвөд далай ханы эмээлийн мод, ямбаны жууз гэх мэт эд зүйлс аймгийн Музейд бий.
"Хөх сар" үзэсгэлэнд 200 гаруй жил тасралтгүй үе дамжин үр хойчдоо өвлөгдөн ирсэн нэгэн удмын дархчуудын урласан түүхэн бүтээлүүд, дархны багаж, бичиг баримт, шагнал зэрэг эд зүйлсийг дэглэн тавьжээ.
Уран дархан С.Чинбат, түүний хүү ган сийлбэрч Ч.Ган-Очир нарын
урласан ган сийлбэрт бүтээлүүд нь уламжлалт хээ хуарыг орчин үеийн хэв шинжид шингээж урласнаараа онцлог аж. Тухайлбал, мөнгөн эмээл, хазаар, ташуур, бүсгүй хүний гоёлууд болох
үсний хавчаар, даруулга, ээмэг, бөгж, бугуйвч гэх мэт бүтээлүүдийг урлаж, өөрийн гэсэн үйлчүүлэгчтэй болж амжжээ.