УВС: Хүчит бөхийн барилдаанд улсын начин О.Түмэн түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-07-24 15:33:13

Улаангом, 2025 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Тариалан сумын түүхт 100 жилийн ойн баяр наадам энэ сарын 22-23-ны өдрүүдэд боллоо.


Тус сумын түүхт ойн баяр наадамд хүчит 128 бөх зодоглож, Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын начин О.Түмэн түрүүлж, улсын начин Х.Оргилболд үзүүрлэлээ.


Соёолон насны морьдын уралдааны үеэр найман хүүхэд мориноос унажээ. Хүүхдүүд ноцтой гэмтэл аваагүй, хамгаалалтын хувцастай байжээ. Уралдааны замд жалга байсан учраас хүүхдүүд мориноосоо унасан байна. Энэхүү хариуцлагагүй явдалд сумын удирдлагууд наадамчин олноос уучлал гуйсан юм.


Тариалан суманд хотон ястнууд голчлон амьдардаг бөгөөд өв соёл, зан заншил, үүх түүхээрээ ялгардаг юм. Ойн баяр наадмын нээлт үзүүштэй, сонирхол татахуйц, хотон ястны өвөрмөц онцлогийг илтгэсэн содон сайхан үйл явдлаар дүүрэн байлаа.




 

Related news