УВС: Хяргас, Увс нуурын эргийн байнгын хамгаалалтад есөн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-07-14 17:59:55

Улаангом, 2025 оны долоодугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Амралт, аялал, зугаалгын улирал эхэлж, иргэд Увс нуур, Хяргас нуур, Үүрэг нуур гэхчлэн байгалийн сайхан тогтоц бүхий газруудад амрах, аялж зугаалах нь нэмэгдэж байна.


Үүнтэй холбоотойгоор аймгийн Онцгой байдлын газраас Увс болон Хяргас нууранд нийт есөн алба хаагч нуурын эргийн байнгын хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байна. Гэвч амралттай зэрэгцэн усны осолд өртөх эрсдэл нэмэгддэг тул анхаарал болгоомжтой байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.


Тухайлбал, бага насны хүүхдийг гол, нуурын эрэгт ганцааранг нь орхиж тоглуулахгүй байх, хийлдэг завь, гудас, авто машины дугуйн дотуур хаймар зэрэг нь тогтвортой бус, осолд өртөх эрсдэл ихтэй тул аль болох хэрэглэхгүй байхыг сануулж байна.


Түүнчлэн бороо, үерийн сэрэмжлүүлэг өгсөн үед огтхон ч гол, нуурын орчимд амрахгүй байх, уулын ус буух магадлалтай газарт байрлахгүй байх, цаг агаарын мэдээллийг тогтмол хянаж, шаардлагатай бол амралтаа хойшлуулахыг зөвлөжээ.


Увс нуур нь далайн түвшнээс дээш 759 м өндөрт оршдог, Монголын хамгийн том давст нуур юм. Гэвч энэ гайхамшигт байгалийн үзэсгэлэнтэй цуг олон аюул нуугдаж байдаг. Тодруулбал, нуурын ус хэт хүйтэн, гэнэт булчин татаж, амьсгалын дутагдалд оруулж болзошгүй, гүнзгий хэсгүүд огцом эхэлдэг, гишгэх бүрд ёроол өөрчлөгдөж, живэх эрсдэлтэй, салхи гэнэт ширүүсдэг, долгион нэмэгдэж, эргээс холдсон тохиолдолд аврахад хүндрэлтэй байна. Аврах баг ойролцоо байхгүй, осолдсон тохиолдолд тусламж ирэх хүртэл хугацаа урт тул амиа алдах эрсдэлтэй байна.


Иймд иргэд та бүхэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж хараа хяналтаа сайжруулаарай. Нэг хормын хайхрамжгүй байдал нь аминд заналхийлэх эрсдэлтэй” хэмээн аймгийн ОБГ-аас анхааруулж байна.


Ямар нэг осол, эрсдэлийн үед нэн даруй 7045-101, 7045-105 дугаарт мэдэгдэхийг зөвлөж байна.

Related news