ЗАВХАН: Музей үзэх соёлыг дэлгэрүүлж, соёлын өвөө сурталчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-07-13 17:53:11

Улиастай, 2025 оны долоодугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн орон нутаг судлах музейгээр наадмын амралтын өдрүүдээр 1600 гаруй хүн үйлчлүүлжээ.


Баяр наадмын өдрүүдэд аймгийн музей бүх насныханд музейн үзүүллэгийн үйлчилгээг хүргэж, үндэсний тоглоом, наадгайн түүх, ёс заншил, тоглох аргачлалыг мөн сурталчлан таниулж байна. Музейн үзвэрийн үйлчилгээг авч буй иргэд ихэвчлэн алдартнуудын танхимаар үйлчлүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар үйлчлүүлэгчийн 60 хувь нь гэр бүлээрээ, 4орчим хувь нь дотоод, гадаадын жуулчид байна.


Наадмын өдрүүдээр музей үзэх соёлыг дэлгэрүүлж, соёлын өвөө өвлөн уламжлуулсан үйл ажиллагааг зохион байгуулж байгаад иргэд талархаж байсан төдийгүй цаашид ялангуяа хүүхэд, залуучуудад үзвэрийн үйлчилгээг үнэ төлбөргүй болгож, хүртээмжийг илүү болгох тал дээр иргэд саналаа хэлж байв.


Энэ өдрүүдэд музейн Хутагтуудын танхимыг жуулчид ихэвчлэн сонирхон үзэж байгаа бөгөөд энэ танхимд Монгол төрийн тамгатай 13 хутагтын Завхан аймгаас тодорсон 10 хутагтын эдлэл хэрэглэл үзмэрүүд бий. Эдгээр хутагтууд нь газарзүйн хувьд Отгонтэнгэр хайрхныг тойрон мэндэлсэн онцлогтой.


Завхан аймгийн музей нь бусад аймгийн музейгээс Алдартнуудын танхимаараа ялгардаг учраас музейн үзмэрүүдийн түүхийг хүүхэд, залуучуудадаа заавал үзүүлж таниулаарай гэж аймгийн Орон нутгийг судлах музейгээс уриаллаа.


Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Завхан аймгийн музей иргэд, жуулчдад зориулан энэ сарын 10-19-ний өдрүүдэд 10.00-19.00 цагийн хооронд ажиллаж байна.


Монголын анхны музейн нэг нь Завхан аймгийн музей юм. 1924 оны 12 дугаар сарын 11-нд аймгийн музейг Гэсэр сүмийн туурин дээр "Үзэсгэлэнгийн хороо" нэртэйгээр байгуулж байсан түүхтэй. Музейн сан хөмрөгт түүх, соёлын ач холбогдол бүхий 10600 гаруй үзмэр, эд өлгийн зүйлс хадгалагдаж байгаа бөгөөд Орон нутаг судлах музей, Алдартны музей гэсэн хоёр төрөлжсөн музейд үйл ажиллагаа явуулж байна.



Завхан аймгийн музейд 26 дэсийн 171 судар хадгалагдаж байна. Эдгээр судраас түүх соёлын ховор нь Жадамба судар юм. Энэ судрыг Далайнчойнхор вангийн хошууны уран дархчууд болох бурхан урлаач Балжиннямын Гүрбадам, Уран Чоймбол нар XX зуунд бүтээжээ.

Завхан аймгийн музейд л байх алдартнуудын танхим

Монгол Улсын СГЗ, төрийн шагналт яруу найрагч Б.Явуухулангийн танхим

Related news