СҮХБААТАР: Морь түрээсийн үйлчилгээг нэвтрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-07-08 17:08:23

Баруун-Урт, 2025 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Сүхбаатар сумын гуравдугаар багийн иргэн Б.Амарбат “Морьтойгоо наадъя” уриалгыг дэмжиж, баяр наадмын өдрүүдэд морь түрээсийн үйлчилгээг сумандаа анх удаа нэвтрүүлжээ.

 

Тэрбээр гэр бүлийнхээ хүний хамтаар 20 гаруй тооны адууг бэлтгэн, бүрэн тоногдож баяр наадмын өдрүүдэд иргэд, наадамчдад түрээсээр унуулжээ.

 

Орон нутгийнхаа шийдвэр, уриалгыг дэмжиж гэр бүлээрээ морьтой наадамдаа ирсний зэрэгцээ энэхүү түрээсийн үйлчилгээгээ туршиж үзсэн. Үнийн тухайд хүссэн морио нэг цаг унахад 5000, бүтэн өдрөөр түрээслэхэд 50 мянган төгрөгийн үнэтэй. Иргэдийн анхдагч хэрэгцээг хангахын зэрэгцээ энэ нь хүүхэд багачуудыг морьтой ойр байлгаж монгол өв соёл, уламжлалт заншлаа эрхэмлэн дээдлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой гэдгийг онцолсон юм.


 

Энэ үйлчилгээ нь наадамчин олны сонирхол болоод талархлыг маш ихээр татсан учир Б.Амарбат морь түрээсийн үйлчилгээгээ аймгийн баяр наадмаар мөн үзүүлэхээр болсон байна.

 

Сүхбаатар сумын баяр наадам энэ сарын 4,5-ны өдрүүдэд болсон. Энэ үеэр орон нутгийн удирдлагуудын зүгээс "Морьтойгоо наадъя" уриалгыг гаргасан байна.

 

Related news