СҮХБААТАР: Долоон хүүхэдтэй залуу гэр бүлд гэр олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-07-07 16:41:56

Баруун-Урт, 2025 оны долоодугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Залуучуудын холбооноос долоон хүүхэдтэй залуу гэр бүлд иж бүрэн гэр олголоо.


Баруун-Урт сумын есдүгээр багийн иргэн Гнх 4-22 насны долоон хүүхэдтэй. Өнгөрсөн тавдугаар сард ахуйн түймрийн улмаас гэргүй болж, түймэрт хажуу айл нь мөн өртсөний улмаас их хэмжээний өр төлбөрт оржээ. Азаар хүний амь эрсдээгүй, хүүхдүүд маань гэрээсээ амжиж гарч чадсан нь хамгийн том аз. Гэр шатсанаас хойш хоёр сар орчим дутуу барьсан байшингийн коридорт амьдарч байсан бол үндэсний их баяр наадмынхаа өмнө халуун ам бүлээрээ шинэ гэртээ орж байгаадаа маш их баяртай байна. Та бүхэндээ маш их баярлалаа гэж гэргий С.Нарантуяа нүдэндээ нулимстайгаар талархлаа илэрхийллээ.



Нөхөр Г нь хөдөлмөр эрхлэх боломжгүй буюу хөгжлийн бэрхшээлтэй. Эхнэр Н нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Олон жил оёдол хийсэн тэрбээр амьралдаа зүтгэлтэйн дээр хөдөлмөрч нэгэн гэдгээрээ бусдын хндэтгэлийг хүлээсэн нэгэн юм. Тийм ч учраас дэмжлэг хэрэгтэй хүндээ, зөв цагтаа очиж байгааг олон нийт сайшааж байлаа.


Мөн тавдугаар багийн иргэн, өрх толгойлсон залуу ээжид таван ханатай гэрийн иж бүрэн дулаалгыг хүлээлгэн өглөө.


Сүхбаатар аймгийн Залуучуудын холбоо нь өнгөрсөн тавдугаар сард шинэчлэн зохион байгуулагдсан бөгөөд шинэ баг бүрэлдэхүүн 2025 оны хоёрдугаар хагас жилийн ажлын төлөвлөгөөгөө боловсруулж, улмаар хамгийн эхний ажлаа энэхүү хүмүүнлэгийн ажлаар эхлүүлж буйгаараа онцлог юм

Related news