Фүкүока хотод асар том нүх бий болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
sarnai@montsame.mn
2016-11-08 15:29:38

ТОКИО. /NHK/. Асар том нүх гэнэт үүссэний улмаас бүх төрлийн үйлчилгээ зогсч, Японы баруун өмнөд нутгийн Фүкүока хотын бизнесийн дүүргээс хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхээс аргагүйд хүрсэн байна.

Мягмар гарагийн өглөө "Хаката" галт тэрэгний буудлын ойролцоох авто замын уулзварт томоохон нүх гарсан байна. Энэ үед гэмтсэн хоолойноос ус цутгаснаар нүхний хэмжээ 27 м өргөн, 30 м урт болон томорчээ.

Цагдаа нар уг газрыг хамгаалалтдаа аваад байгаа бөгөөд хотын удирдлагын зүгээс ойролцоох барилга байшинд байгаа хүмүүст хандан аюулгүй газарт очихыг зөвлөж байгаа ажээ. Цахилгаан тасарсны улмаас ойролцоох байшингийн шатаар бууж явсан 70 орчим настай нэгэн эмэгтэй унаж бага зэрэг бэртсэн байна.

Энэ газарт метроны барилгын ажил явагдаж байсан бөгөөд үүнээс үүдэн нүх үүссэн байж болох юм гэж Фүкүока хотын удирдлага үзэж байгаа аж.

Тус хотын тээврийн газрын мэдээлснээр, мягмар гарагийн өглөөгүүр ажилчид метроны зам тавихаар газар дор хонгил ухаж байтал гэнэт ус цутган орж ирсний улмаас барилгын ажлыг зогсоосон байна.

Энэ үеэр 800 гаруй айл өрх болон албан газрууд гэрэл цахилгаангүй болжээ. Хий алдагдаж байгаа эсэхийг шалгахын тулд хийн хоолойг хаасан байна. Мөн усан хангамж, телефон утас, интернет болон банкны үйлчилгээг зогсоогоод байна.

Х.Сарнай

 

Related news