СЭЛЭНГЭ: Шинэ цагийн эхлэлийг тавьсан хувьсгалчдын баяр эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны долоодугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол наадмын салхийг хагалан
эхэлдэг Алтанбулаг сумын Хувьсгалчдын баяр наадам түймрийн улмаас тодорхойгүй
хугацаагаар хойшлогдсон байсан. Тэгвэл өнөөдөр Ардын хувьсгалын галыг бадрааж,
шинэ цагийн эхлэлийг тавьсан хувьсгалчдын баяр буюу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг
сумын наадам эхэллээ.
Өнөөдөр тус сум нь Бүргэдэй,
Суварга, Хяраан гэсэн гурван багийн зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж
байна. Хүн амын тоогоор Сэлэнгэ аймгийн 17 сумаас эхнээсээ 6-д, газар нутгийн
хэмжээгээр 8-д ордог.
1921 оны ардын хувьсгалын өлгий
болсон Алтанбулаг сум нь Сэлэнгэ аймгийн хойд хэсэгт оршиж, Улаанбаатар хотоос
345 км ,аймгийнхаа төвөөс 25 км зайд баруун талаараа Сүхбаатар, зүүн талаараа
Хүдэр, урд талаараа Ерөө, Шаамар сумдтай, хойд талаараа Оросын Холбооны Улстай
(ОХУ) хиллэдэг.
Тус сум нь Монгол улсын хойд хил
дээр оршин тогтнож ирсэн бөгөөд хувьсгалын өлгий нутгийн хувьд түүх дурсгалын
олон зуун үнэт зүйлсийг нутаг дэвсгэртээ багтаасан байдаг.
Өнөөгийн Алтанбулагийн түүх “1728
оны 6-р сард байгуулагдсан Хиагтын гэрээний 4-р зүйлд Монголыг хилийн дотор
худалдааны хот байгуулах ажлыг эхлүүлэхээр зааж, мөн оны 8-р сард анхны
худалдаа нээгджээ. Түүнээс тавин жилийн дараа 1778 оны байдлаар Монголын Хиагт
буюу Наймаачин хот нь 210 байшин, хашаатай, 700-гаад байнгын оршин суугчидтай
болсон байна” -ийн эхэлсэн байна.
Алтанбулаг сумын нэр түүхэнд
тэмдэглэсэн байдал нь олон өөрчлөгдсөн, онцлогтой юм. Тухайлбал 1727-1780 оныг
хүртэл Гаалийн хороо, хилийн асуудал хариуцсан “Алтанбулагийн сайдын яам”,
1931-1958 онд Сэлэнгэ аймгийн төв “Алтанбулаг хот”, 1938-1956 онд Шаамар сумын
харъяалалын “Алтанбулаг хороо“, 1956 оноос Алтанбулаг сум, 1956 оны 9-р сараас
Алтанбулаг сум-Сангийн аж ахуй гэсэн нэртэй явж иржээ.