Клубүүдийн ДАШТ: “Челси” хагас шигшээд шалгарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-07-05 13:01:52

ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 5. /ТАСС/. АНУ-д болж буй клубүүдийн ДАШТ-ий шөвгийн 8-ын хоёр дахь тоглолтод Английн “Челси” багийн хөлбөмбөгчид Бразилын “Палмейрас” багийг 2:1 харьцаагаар хожсоноор хагас шигшээд шалгарлаа.


Англичуудаас Коул Палмер 16 дахь минутанд гоол оруулсан бол Бразилын багийн Эстевао 53 дахь минутанд хариу гоолдов. Өдгөө 18 настай бразил довтлогч тэрбээр клубүүдийн ДАШТ-ий дараа “Челси”-д шилжин ирж тоглох юм.


Тоглолтын 83 дахь минутанд “Челси”-гийн хамгаалагч Мало Гюстогийн цохисон бөмбөг “Палмейрас”-ын хагас хамгаалагч Ричард Риосын биеэс ойж хаалганд оржээ. Энэ удаагийн тоглолтод клубүүдийн ДАШТ-ий шилдэг довтлогч, “Челси”-гийн Педру Нету оролцсон боловч төдийлөн сайн тоглож чадсангүй. Түүнтэй хамт өнгөрсөн зургаадугаар сард Португалын шигшээгийн бүрэлдэхүүнд Үндэстнүүдийн лигийн аварга болж байсан эх орон нэгт Диогу Жота баасан гарагт автомашины ослоор нас барсан тул “Челси”-гийн ахлах дасгалжуулагч Энцо Мареска энэ удаагийн тоглолтод оролцохгүй байж болно гэдгийг Нетуд хэлжээ.


Одоо хагас шигшээд “Челси” баг Бразилын "Флуминенсе"-тэй тоглох бөгөөд тоглолт 8-ны өдөр болно. 

Related news