Казахстанд нүүрээ халхалсан хувцас өмсөхийг хоригложээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
АСТАНА, 2025 оны долоодугаар сарын 1 /DW/. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев олон нийтийн газарт нүүрийг танихад саад учруулах хувцас өмсөхийг хориглох тухай хуульд гарын үсэг зуржээ. Энэхүү хориг нь мусульман шашинт эмэгтэйчүүдийн хувцас болох никаб буюу эмэгтэй хүний нүднээс бусад хэсгийг далдалдаг нөмрөг мэт урт өмсгөлд ч мөн хамаатай.
Харин албан үүрэг гүйцэтгэх үед, эрүүл мэндийн шалтгаанаар, цаг агаарын таагүй нөхцөлөөс хамгаалах, мөн иргэний хамгаалалт, спорт, соёл, олон нийтийн үйл ажиллагаанд оролцох үед нүүрээ халхлахыг зөвшөөрөх ажээ.
Өмнө нь Ерөнхийлөгч Токаев нүүр халхалсан хувцасны оронд үндэсний онцлогийг илтгэх хувцас өмсөхийг дэмжиж буйгаа илэрхийлж байсан юм.
Франц, Дани, Нидерланд зэрэг Европын Холбооны орнуудад болон Шри-Ланка зэрэг хэд хэдэн улсад никаб, паранжа /нүүрээ халхалсан тор бүхий урт бошинз/ зэрэг нүүр халхалдаг шашны хувцаснуудыг олон нийтийн газарт байх үедээ өмсөхийг хориглосон байдаг. Никаб өмсөхийг хориглох тухай хуулийг Киргиз улсад өнгөрсөн нэгдүгээр сард баталжээ. Үүнээс өмнө Узбекистан, Тажикистанд никаб өмсөхийг хориглосон байна.