АРХАНГАЙ: Нутгийн 90 орчим хувьд түймрийн аюул бага зэрэг гэж үнэлэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-07-01 12:34:23

Эрдэнэбулган, 2025 оны долоодугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн УЦУОШТ-өөс аймгийн хуурайшилтын зэргийн үнэлгээг 2025 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар гаргажээ.

 

Энэ үнэлгээгээр нийт нутгийн 90 орчим хувь нь түймрийн аюул бага зэрэг буюу цэнхэр өнгөтэй болсон байна.


Шар буюу түймрийн аюул дунд зэрэгт Булган, Өндөр-Улаан, Эрдэнэмандал, Өлзийт, Хотонт, Хашаат гэсэн зургаан сумын нутаг дэвсгэрийн ихэнх нь багтжээ.

 

Цаг агаарын өнгөрсөн 7 хоногийн тойм мэдээллээс харахад 6 дугаар сарын 23-наас хойш нийт нутгаар 3.4-33.7 мм дуу цахилгаантай аадар бороо орсон нь түймрийн зэрэг буурахад нөлөөлсөн. Агаарын температур өдөртөө 33 хэм давж халсан байна.

 

Ирэх өдрүүдэд буюу долоодугаар сарын 6-ныг хүртэлх цаг агаарын тав хоногийн мэдээ гарсан байна. 2-нд зарим газраар, 3, 4-нд ихэнх нутгаар түр зуурын, дуу цахилгаантай аадар бороотой. Салхи ихэнх хугацаанд 4-9 метр. Борооны өмнө түр зуур ширүүснэ. Энэ хугацаанд аагим халуун өдрүүд үргэлжлэх төлөвтэй ба ихэнх нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 26-31 хэмийн халуун байхыг аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.

Related news