Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-24 21:15:02

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев төрийн айлчлал хийж байна.


Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээ хийн, өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт амжилтыг шинэ агуулгаар баяжуулан, бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Узбекистантай хөгжүүлж буй найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв. Хоёр улсын төрийн тэргүүн нэг жилийн хугацаанд харилцан айлчлал хийж байгаа нь хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг улам бүр бататган бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэлээ.


Ерөнхийлөгч Ш.Мирзиёев Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийж буйдаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 онд Узбекистан Улсад хийсэн төрийн айлчлалаас хойш хоёр улсын хамтын ажиллагаа олон салбарт эрчимжиж буйг онцоллоо. Өнгөрсөн онд Ташкент хотноо харилцан тохирсон зүйлс бодит ажил хэрэг болж байгаад төрийн тэргүүн нар сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Хоёр орны найрсаг харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэж, харилцаа, хамтын ажиллагааны нэгэн шинэ үеийг эхлүүлэх гэж байгаа нь онцгой үйл явдал, харилцааны түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдэнэ гэдэгт санал нэгдэв.


Ерөнхийлөгч Ш.Мирзиёев Монгол Улс нь бүс нутаг дахь тус улсын чухал түнш болохыг тэмдэглэж, цаашид ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэн, харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй буйгаа илэрхийллээ. Төрийн тэргүүн нар харилцааны эрх зүйн орчныг улам бэхжүүлэх, уул уурхай, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэнд, ургамлын хорио цээр зэрэг салбарт хамтран ажиллахаар Засгийн газар болон байгууллага хоорондын 14 баримт бичигт гарын үсэг зурах болсныг сайшаалаа.


“Монгол-Узбекистаны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны комисс”, “Автотээврийн хамтарсан хороо” байгуулан, анхдугаар хуралдааныг өнгөрсөн хоёрдугаар сард Ташкент хотноо зохион байгуулсныг онцоллоо. Ташкент-Бишкек-Урумчи-Улаанбаатар чиглэлийн авто коридор нээж, туршилтын авто цуваа амжилттай болсныг өндөр үнэллээ. Монголын агаарын тээврийн компани энэ оны хоёрдугаар хагасаас  Улаанбаатар-Ташкент-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэх болсныг тэмдэглэлээ.


Хоёр орны хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах хүрээнд “Узбекистаны худалдааны төв”-ийг Улаанбаатар хотноо нээснийг сайшаав. Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, 100 мянган толгой хонь, ямааг Узбекистан Улсад нийлүүлэхээр тохирсны дагуу уг ажил 2024 оноос  хэрэгжиж буйг онцоллоо.


Их, дээд сургууль хоорондын хамтын ажиллагааг дэмжих, монгол, узбекистаны оюутан залуусыг Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт харилцан хамруулах, чадварлаг боловсон хүчин бэлтгэх, соёл, урлагийн арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо. Хоёр улсын өсвөрийн боксын болон хүндийн өргөлтийн шигшээ баг, тамирчдын хамтарсан нөхөрсөг бэлтгэл сургуулилтыг Монгол Улсад хийхээр боллоо.


Айлчлалын хүрээнд “Аялал жуулчлалын форум”, “Монгол-Узбекистаны бизнес форум”, “Узбекистаны соёлын тоглолт”, фото зургийн үзэсгэлэн болон узбек үндэсний хоолны өдөрлөг зохион байгуулсныг өндөр үнэлэв. Олон улс, бүс нутгийн түвшинд хоёр талаас дэвшүүлсэн санал, санаачилгуудыг харилцан дэмжих, олон улсын байгууллагуудын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахаа талууд нотоллоо.


“Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т Узбекистан Улс нэгдэхээр болсонд манай улс талархал илэрхийлж, цаашид далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгарч буй саад, бэрхшээлийг даван туулах, хөгжлийн бодлого боловсруулах, харилцан туршлага солилцох чиглэлд хамтран ажиллахаар тогтлоо.



Related news