Угийн бичиг хөтлөлтөөр Завхан аймаг тэргүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн 11 сум угийн бичгийн үлгэрчилсэн загвар болон
дэвтрийг өрх бүрд тарааснаар угийн бичиг хөтлөлт эрс нэмэгдсэн байна.
Тухайлбал, Удам.мн цахим бүртгэл болон уламжлалт аргаар угийн бичгээ хөтөлж буй иргэдийн тоо нэмэгджээ. Гэсэн хэдий ч аймгийн 24 сумын иргэд харилцан адилгүй хөтөлж байна.
Аймгийн хэмжээнд угийн бичиг хөтлөлтийг
сайжруулах, иргэдэд нөлөөллийн үйл ажиллагааг салбар дундын байгууллагууд
харилцан хамтын ажиллагаатай идэвхтэй зохион байгуулах нь чухал байгаа
талаар Завхан аймгийн Хүүхэд, гэр
бүлийн хөгжил хамгааллын газраас мэдээлэв.
Өнгөрсөн жил тус аймагт "Нэг өрх-нэг угийн бичиг" уралдааныг зохион байгуулж, шилдэг өрхүүдийг шалгаруулан урамшуулж олон нийтэд таниулсан нь үр дүнгээ өгчээ. Өнөөдрийн байдлаар аймгийн 24 сумын 6700 өрх угийн бичгээ хөтөлдөг гэсэн албан бус мэдээ байна.
Манай аймаг жил бүр угийн бичиг хөтлөлтийг эрчимжүүлэх, угийн бичиг хөтлөхийн ач холбогдлыг
иргэд, олон нийтэд сурталчлан таниулах. Угийн бичиг хөтөлдөг өрхийн тоог
нэмэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой нөлөөллийн
ажлыг зохион байгуулдаг.
Тосонцэнгэл суманд гэхэд 1038 өрх угийн бичгээ хөтөлж байна. Тус сум нь 9700 гаруй хүн амтай 2840-өөд өрхтэй бөгөөд угийн бичиг хөтлөлтийн явц 20 хувьтай байна.
Улиастай сум гэхэд сумынхаа угийн бичгийн номоо гаргасан ураг
удмынхны ном товхимол, гарын авлагаар тусгай булан гаргаж иргэдэдээ таниулж байна. Сумынхаа зургаан багийн хэмжээнд сургалтуудыг
зохион байгуулж, угийн бичиг хөтөлдөг өрхүүдийн угийн бичиг хөтлөх арга зүйг
бусад иргэнд зааж, угийн бичиг, ном бусад материалаар үзэсгэлэн гаргаж иргэдэд
сурталчилж байна. Энэ жил гэхэд шинээр 45 өрх угийн бичгээ хөтөлж эхэлжээ.
Ургамал сум нь угийн бичиг хөтөлдөг өрхийнхөө судалгааг гаргаж 2023 онд угийн бичгийг түүхэн хэлбэрээр хөтөлсөн 59 өрхийн 168 иргэн байсан бол 2024 онд 30 өрхийн 120 иргэн шинээр угийн бичгээ албан ёсоор хөтөлдөг болжээ. Энд онд тус сумын нийт өрхийн 40 орчим хувь нь угийн бичгээ хөтөлдөг болжээ.
Гэх мэтчилэн сайшаалтай тоон мэдээлэл бий ч бусад суманд угийн бичгийн хөтлөлт муу
байгаа нь харамсалтай. Тиймээс тухайн
сум орон нутгийн шийдвэр гаргах түвшний удирдлагууд болон сумын ИТХ, ЗДТГ,
төрийн бус байгууллагууд хамтын ажиллагаагаа сайжруулаасай, иргэд сайн дурын
санаачилгаараа угийн бичгээ заавал хөтөлж, ураг удмынхаа талаарх түүхийг бүтээж
хойч үедээ өвлүүлээсэй гэж уриалж байна.
Угийн бичиг хөтлөх нь есөн үеэ мэдэж, ураг төрлийн хэлхээгээ нандигнан хадгалж, удам судраа цэвэр ариун байлгах иргэний үүргээ биелүүлэх хариуцлагатай үйл хэрэг юм.
Энэ нь монгол хүний удмын сан, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, танин мэдэхүйн ач холбогдолтой бичиг соёлын баримт, улс үндэстэн тусгаар оршихуйн үндэс болсон хүн ам зүйн бодлогын нарийн чанд утга агуулга бүхий төрт ёсны үйл хэрэг юм. “Алсын хараа-2050” бодлогын баримт бичиг, “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Гэр бүлийн тухай хуульд гэр бүлийн соёл, хүмүүжлийн уламжлалыг дээдлэн хөгжүүлж, удам угсаагаа мэдэх, угийн бичиг хөтлөх, цус ойртолтыг багасгах.
Хүн амын удмын санд учрах сөрөг нөлөөллийг бууруулах талаар тодорхой заалт тусгасан бөгөөд эдгээр бодлогын баримт бичгийн зорилтыг үр дүнтэй хангах нь чухал юм гэж Завхан аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газраас нэмж дуулгав.
Цахим угийн бичиг хөтлөлтөөр Завхан аймаг тэргүүлж байна
Уламжлалт аргаар угийн бичиг хөтлөх талаар иргэдэд байнга таниулдаг