Засгийн газрын гишүүдэд нэр дэвшүүлэх тухай тогтоолыг танилцуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүдэд нэр дэвшүүлэх тухай МАН-ын Удирдах зөвлөлийн тогтоолыг танилцуулжээ.
Тус тогтоолыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцуулсан аж. Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонх “Монгол Улсын Засгийн газрын гишүүдэд нэр дэвшүүлэх тухай” МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан тогтоолыг дэмжих нь зүйтэй гэж үзжээ.
Уг тогтоолыг одоо УИХ дахь АН-ын бүлэгт танилцуулж байгаа бөгөөд үүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.