ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар Хятадын Олон улс судлалын хүрээлэнгийн төлөөллийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-10 14:53:33

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар энэ сарын 6-нд Хятадын Олон улсын судлалын хүрээлэнгийн Дэлхийн энх тайван, аюулгүй байдлын судалгааны газрын захирал Жү Жунбө тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзав.


Уулзалтын эхэнд цаг зав гарган хүлээн авч уулзсан Д.Цогтбаатар гишүүнд Жү Жунбө захирал талархал илэрхийлээд, Олон улсын судлалын хүрээлэнгийнхээ талаар товч танилцууллаа. Хятадын Олон улсын судалгааны хүрээлэн (CIIS) нь БНХАУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх судалгааны төв бөгөөд стратегийн ач холбогдол бүхий дунд болон урт хугацааны бодлогын асуудлууд, олон улсын улс төр, дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг байна.

 

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар зочдод Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээрх хууль тогтоомжуудын талаарх мэдээллийг танилцууллаа. Үргэлжлүүлэн зочдын сонирхсоны дагуу олон улсын харилцаа, худалдааны нөхцөл байдал, Зүүн хойд Ази болон бүс нутгийн аюулгүй байдал, Монгол-Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар нээлттэй ярилцсан юм хэмээн УИХ-ын хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Related news