Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт энэ сарын 6-нд Варшав хотноо болов.
Энэ үеэр Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Оюундарь, Польш Улсын Гадаад хэргийн дэд сайд Владислав Теофил Бартошевски нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв. Мөн нийслэлийн Улаанбаатар театрын уран бүтээлчид ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монголын соёлын биет бус өв болох морин хуур, уртын дуу, хөөмий, бий биелгээ, үндэсний наадмын элементүүдээс толилуулж, соёлын хөтөлбөрийг хүргэлээ.
Түүнчлэн “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Ханбогд”, “Зосон” брэндийн ноолууран бүтээгдэхүүнийг танилцуулж, Монгол, Польш улсын хамтын ажиллагааны түүхэн баримт бичиг, монгол орны байгаль, ахуй соёлыг харуулсан гэрэл зураг болон барималч Д.Түвдэндорж, зураач Ц.Солонго нарын үзэсгэлэнг толилуулав гэж тус улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.