Монголын циркчид “Мөнгөн титэм”-ийн эзэн болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-03 10:59:30

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Саратов хотод жил бүр зохион байгуулдаг олон улсын циркийн эмэгтэйчүүдийн наадамд оролцсон манай уран бүтээлчид “Мөнгөн титэм”-ийн эзэн болсон байна.


Тодруулбал, олон улсын тэмцээнд агаарын үзүүлбэрээр циркийн жүжигчин Д.Азжаргал, Б.Батчимэг нар амжилттай оролцож, “Мөнгөн титэм” хүртээд эх орондоо ирлээ. 11 дэх удаагийн тус тэмцээнд 17 орны эмэгтэй уран бүтээлчид чуулсан аж. Үүнээс гадна тус тэмцээнд Т.Буд шүүгчээр ажилласан байна.


Энэхүү тэмцээнд оросууд гранпри шагнал авсан бол Монгол, Америкийн уран бүтээлчид мөнгө, хүрэл цомын эзэн болов. Монголын циркчид 2025 он гарснаас хойш олон улсын дөрвөн тэмцээнээс алт, мөнгө, хүрэл цом хүртсэн амжилттай байна.


Ташрамд сонирхуулахад, Монгол Улсын циркийн сургуулийн 85 жилийн ойд зориулсан “Улаанбаатар хотын циркийн өдрүүд 2025”-ыг өнгөрсөн дөрөвдүгээр сард зохион байгуулахад 21 удаагийн тоглолтыг 28 мянга орчим хүн үзэж сонирхжээ.





Related news