Пари Сен-Жермений ялалтын эргэн тойронд

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-06-01 11:25:51

БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 1. /ТАСС/. Ням гарагт шилжих шөнө Германы Мюнхен хотноо болсон Аваргуудын лигийн тэмцээний финалын тоглолтод Францын ПСЖ багийн хөлбөмбөгчид Италийн “Интер” багийг 5:0 харьцаагаар бутниргэснээр тус лигийн цомыг анх удаагаа хүртлээ.


Эхний гоолыг тоглолтын 12 дахь минутанд Мароккогийн шигшээгийн хамгаалагч Ашраф Хакими хийсэн бол Дезире Дуэ 20 ба 63 дахь минутанд гоолдсон байна. Өдгөө 19 настай тэрбээр Аваргуудын лигийн финалд дубль хийж, нэг оновчтой дамжуулалт өгснөөр тус лигийн шийдвэрлэх тоглолтод  хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн тоглогч боллоо. ПСЖ-д хагас жилийн өмнө ирсэн Гүржийн хөлбөмбөгчин Хвича Кварацхелия тоглолтын 73 дахь минутанд, сүүлчийн гоолыг Францын хагас хамгаалагч Сенни Маюлу 86 дахь минутанд тус тус оруулжээ. Түүнчлэн багийн шилдэг тоглогч Усман Дембеле хоёр удаа оновчтой дамжуулалт өгсөн байна. Мөн тус багт тоглодог Оросын хаалгач Матвей Сафонов энэ удаад талбайд гараагүй боловч Аваргуудын лигийн цомыг өргөсөн Оросын тав дахь хөлбөмбөгчин болов.  


Ингэснээр ПСЖ баг “Марсель”-ийн дараа Аваргуудын лигт түрүүлсэн Францын хоёр дахь баг болж байна. Өмнө нь парисчууд 2020 оны финалын тоглолтод Германы “Бавариа”-д 0:1-ээр хожигдсон юм. Түүнээс гадна Пари-Сен-Жермен 1962 оноос хойш финалын тоглолтод 5 бөмбөг оруулсан анхны баг, мөн финалын тоглолтод 5 гоолын зөрүүгээр өрсөлдөгчөө хожсон түүхэн дэх анхны баг болж байна.  


Ийнхүү Испанийн иргэн Луис Энрикегийн дасгалжуулсан тус баг Аваргуудын лиг, Францын АШТ, Францын цом, Францын Супер цомд түрүүлсэн амжилтаар 2024/25 оны улирлыг дуусгалаа. Л.Энрике бол өмнө нь 2015 онд “Барселона” багийг Аваргуудын лиг, Испанийн АШТ ба Цом, УЕФА-гийн Супер цом, клубүүдийн ДАШТ гэсэн таван том тэмцээнд түрүүлүүлсэн туршлагатай дасгалжуулагч юм.


Финалд үлдсэн “Интер” баг өмнө нь Аваргуудын лигийн финалд долоон удаа шалгарч байснаас 1964, 1965, 2010 онуудад гурван удаа түрүүлж байжээ.


ПСЖ-ий ялалтыг алдаршуулан өнгөрсөн шөнө Эйфелийн цамхагийг тус багийн улаан, хөх өнгөөр гэрэлтүүлсэн байлаа. Удалгүй хөөрч догдолсон хөгжөөн дэмжигчид эмх замбараагүй байдал үүсгэж, Парис хотын тойрог авто замыг хаахаар оролджээ. Цагдаа нар 68 хүнийг баривчлаад байгаа бөгөөд Францын Дотоод хэргийн сайд Брюно Ретайогийн мэдэгдсэнээр, нийслэлд 5400 цагдаагийн ажилтан дэг журам сахиулж байна. 

Related news