120 минутын аз жаргал

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-26 15:30:30

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллений Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд “Австрийн соёлын өдрүүд”-ийг Монголд зохион байгуулав.


Энэхүү үйл ажиллагааны хаалт нь Монгол, Австрийн сор бүтээлүүдийг түүвэрлэсэн “Сонгодог үдэш” гала тоглолт байлаа. Монголын сор хөгжмийн зохиолчдын нэг, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулуун, Австрийн алдарт хөгжмийн зохиолч В.Моцарт, И.Штрауссын шилдэг бүтээлүүдийг сонсож, сонороо мялаах боломж тохиов.


Сонгодог хөгжмөөр амьсгалах товлосон хором нь тавдугаар сарын 26-ны ням гаргийн 17:00 цаг. Товлосон цагаасаа хоцрохгүй байх нь сонгодог тоглолтын хамгийн том соёлын нэг. Тиймээс 16:30 цагт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын улаан байшингийн босгоор үзэгчид цуварсаар... Сонгодог тоглолт үзэх хувцасны соёл гэж бий. Тэр ёсоор ганган гэхээсээ илүүтэй дэгжин хувцасласан иргэд олон байлаа. Үүдний хэсэгт дурсгалын зураг татуулсан иргэд суудлаа эзлэн тоглолтоо үзэхэд бэлэн болжээ. Танхимын суудал ч дүүрлээ, 17:00 цаг ч боллоо. Театр яг цагтаа хаалгаа барьж, албаны хүмүүс нээлтийн үг хэлснээр хөшгийг нээлээ. Ж.Чулууны “Уран хас” балетын удиртгал хөгжмөөр тоглолтыг нээж байна. Удирдаач нь УДБЭТ-ын ерөнхий удирдаач Ц.Тэлмүүн-Очир. Нас залуу ч тунчиг чадварлаг нэгэн аж. Түүний мэдрэмж янзтай. Мэргэжлийн хүмүүсийн магтаал хоосонгүй гэдгийг тэрбээр харуулж байв.


Дотоодын бүтээлүүдийг сонсохоор эртний, дотны найзтайгаа уулзах мэт таатай. Харин гадаадын хөгжим сонсохоор эчнээ танилтайгаа уулзсан мэт хөхүүн хөөртэй ажгуу. Тэр ч ёсоор “Уран хас”-ын удиртгал хөгжим эхлээд дуусах хүртэл огт уулзаж үзээгүй хэрнээ монголчуудын эртний танил Ж.Чулуунтай уулзсан мэт мэдрэмжийг төрүүлэх нь тэр. Түүний бүтээлийн оргил нь “Уран хас” гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэрбээр хийлч, удирдаач байсан учраас “Уран хас”-ыг зохиохдоо аль хөгжмөөр, ямар аялгууг тогловол зохилтойг тун нарийн тооцоолж чадсан хэмээн мэргэжлийн хүмүүс дүгнэдэг билээ. Баярын оргилуун гэгээлэг мэдрэмжийг төрүүлж сэтгэл догдлуулан баясгах тэнгэрлэг сайхан энэ аялгууг мэргэжилтнүүд “Энэ бол үнэхээр бүжгэн жүжигтээ тохирсон гайхалтай сайхан хөгжим юм” хэмээн үнэлсэн байна.


Араас нь Австрийн суут хөгжмийн зохиолч В.Моцартын “Дон Жуан” дуурийн удиртгал эгшиглэлээ. Шалиг залуугийн эмгэнэлт түүхийг өгүүлдэг энэхүү дуурь түүний нэгэн гайхамшигт бүтээл билээ. Л.Бетховений симфонизм хосгүй үзэгдэл байсны нэг адил В.Моцартын дууриуд тухайн үеийн нийгмийн олон талт зөрчлийг тусган харуулснаараа дан ганц урлагийн хөгжлийг дэвшилд хүргээд зогссонгүй, нийгмийн агуулгаараа ч баялаг үзэгдэл болж байв. Залуу хүн бүр “Дон Жуан” дуурийг заавал үзэх ёстой гэж ярих нь бий. Хөгжмийн зохиолч В.Моцарт Прага хотод болсон “Ле ноцце ди Фигаро”-гийн анхны тоглолтод өөрийн биеэр очоод буцахдаа шинэ дуурийн захиалга өвөртөлсөн нь “Дон Жуан” байсан бөгөөд анхны тоглолт нь Ностицийн үндэсний театрт болжээ. Австрийн удирдаач Маттиас Флецбергер удирдлага дор симфони найрал хөгжмийнхөн үзэгчдийн хүртээл болголоо. Энэхүү хөгжмийн талаар дүгнэх нь илүүц биз. Харин миний хувьд цоо шинэ ертөнц рүү зүсэн орох мэт сэтгэгдэл төрүүлж байлаа. “Дон Жуан” дуурийн тухай мэдлэгээ өөрийн эрхгүй чамлаж шинэ “хүнтэй” танилцах мэт цоо шинэ мэдрэмж өгөх нь гайхалтай. Намуухан хэрнээ хүчирхэг хөгжим. Аринууд нь үзэгчдэд хүч өгмөөр. Дээрээс нь Монголын дуучдын хүчтэй хоолой энэхүү дуурийг бүтнээр нь үзэх сэдлийг өдөөх авай. Ялангуяа Дон Жуан, Церлинагийн дуэлийг онцлохгүй байхын аргагүй. УДБЭТ-ын гоцлол дуучин Л.Болдцэрэн, Б.Одонзаяа нарын хослол үнэхээр гайхалтай.  Хов хоосон ертөнцийг дүүргэх шиг болно.


Харин И.Штрауссын “Цэнхэр Дунай” бол тайтгарал, тайвшрал өгөх аялгуу юм. Өмнө нь Үндэсний урлагийн их театрын найрал хөгжимчдийн тоглосноор энэхүү хөгжмийг сонсож байсан ч энэ удаа Маттиас Флецбергерийн удирдлагаар симфони найрал хөгжимчдийн тоглосноор сонслоо. “Сонгодог үдэш” тоглолтын найруулга нь хүчирхэг хөгжим, хөнгөн вальсын аялгуугаар сонор мялаах зорилготой байсныг хөтөлбөрөөс нь харж болохоор. Ийм үзэгдлийг Р.Штрауссын “Розенкавалер” вальсаас мэдэрнэ. Зөөлөн хэмнэлтэй, тансаг аялгуу сонсох шиг сайхан амралт үгүй аж. Тоглолтын эхний хэсгийг Ж.Чулууны “Уран хас”-аар хаав. Дараалан вальсын аялгуу сонссон үзэгчид алга ташилтаар уран бүтээлчдийг харамгүй мялааж, суудлаасаа ч холдох хүсэлгүй байгаа нь харагдаж байлаа. Гэвч тоглолт түр завсарлах нь тэр.


Тэгвэл “Сонгодог үдэш”-ийн хоёрдугаар хэсгийн оргил үе нь В.Моцарт “Увидаст лимбэ” дуурийн Шөнийн хатны ари байлаа. Үүнийг гавьяат жүжигчин Ө.Уянга олны хүртээл болгов. Үзэгчид 60 секунд гаруйн хугацаанд алга нижигнүүлэн ташсан нь Ө.Уянга гавьяатын хоолойны цар хүрээ, Ц.Тэлмүүн-Очирын торгон мэдрэмж, симфони найрал хөгжимчдийн цэвэр тунгалаг тоглолтыг шүтэн биширсний илэрхийлэл юм. Шөнийн хатны ариг мэддэггүй монгол хүн бараг үгүй. Мэргэжлийн олон ч дуучин энэхүү ариг олны хүртээл болгож байлаа. Гэхдээ үзэгчдийн сэтгэлд хүргэж дуулсан уран бүтээлчдийн нэг нь Ө.Уянга юм. Хэсэг хугацаанд Австрийн шилдэг бүтээлүүдээр амьсгалсан үзэгчдэд дахин Ж.Чулууны “Ардын хоёр дууны найруулга” хүрлээ. Энэ удаа симфони найрал хөгжимчдийг Флецбергер удирдав. Түүний мэдрэмжид хэлэх үг алга. Тоглолтын хоёрдугаар хэсэгт ерөнхийдөө л хүчирхэг хөгжмүүд давамгайллаа. Үзэгчдийг тайвшруулж, тархийг нь амраасан “Сонгодог үдэш” тоглолт И.Штрауссын алдарт “Радецки марш”-аар өндөрлөх нь тэр. Монгол, Австрийн удирдаачид ээлжлэн үзэгчдийн алга ташилт дор хөгжимчдийг удирдана. Хөнгөн хэрнээ ритм өндөртэй энэхүү маршийн аялгуу аливаа тоглолт, үйл ажиллагааны хаалтад хамгийн тохиромжтой болохыг “Сонгодог үдэш” мэдрүүллээ. Эрч хүчийг тайвшралтай хослуулсан энэ хөгжмийн үлээвэр хөгжимчдийн хэсэг гоцлол бүр ч тансаг.


Нэг л мэдэхэд 120 минутын хугацаа өнгөрч, тоглолт өндөрлөлөө. Сонгодог тоглолтод 120 минут бага хугацаа аж. Гэхдээ тэр “богино хугацаа”-нд мэдрэх аз жаргал бүрэн дүүрэн байдаг аж. Дуурийн театр гэх тодотголтой улаан байшинд хоёр цагийн турш жаргалыг мэдэрч, тайвшрал авсан үзэгчдийн царай гэрэлтэж, тоглолтын сайхныг хоорондоо хөөрөлдсөөр танхимыг орхин гарлаа. “Сонгодог үдэш”-ээс авсан мэдрэмжээ товч бөгөөд цөөн өгүүлбэрээр буулгасан нь энэ юм.

Энэхүү тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, ССАЖЗЯ, УДБЭТ, Бээжин дэх Австрийн Элчин сайдын яам зэрэг байгууллага зохион байгуулсан юм.


























Related news