Хоккейн ДАШТ-ий шөвгийн найман баг тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-05-21 08:45:51

СТОКХОЛЬМ, 2025 оны тавдугаар сарын 21. /ТАСС/. Данийн шигшээ баг хэсгийн шатны сүүлчийн тоглолтонд Германы багийг буллит буюу торгуулийн цохилтоор хожсоноор шайбтай хоккейн ДАШТ-ий шөвгийн наймд тоглох багууд бүгд тодорлоо.


Тоглолтын үндсэн цагт багууд 1:1 харьцаагаар тэнцсэн бөгөөд эхний гоолыг 40 дэх минутанд Германы хоккейчин Корбиниан Гейбел оруулсан бол Данийн Николай Элерс 51 дэх минутанд хариу гоол хийсэн байна. Харин Йоахим Блихфельдийн хийсэн буллит даничуудад ялалтыг авчирлаа.


Ингэснээр Данийн шигшээ 11 оноотой болж В хэсэгт 4 дүгээр байр эзэлсэн бол германчууд плей-оффт шалгарч чадсангүй. Энэ хэсгийг Швейцарын баг 19 оноотойгоор тэргүүлж, АНУ /17/, Чехийн /17/ багууд удаалжээ. Харин А хэсгийг канадчууд тэргүүлж, удаах байруудыг Швед /18/, Финланд /16/, Австрийн /10/  багууд эзэллээ. Ташрамд дурдахад, Австрийн шигшээ баг 1994 оноос хойш анх удаагаа ДАШТ-ий хасагдах шатанд шалгарсан нь энэ бөгөөд тухайн үед хэсэгтээ мөн адил дөрөвдүгээр байр эзэлж байжээ.


Одоо шөвгийн наймд  

Канад (1) - Дани (4)

Швед (2) - Чех (3)

Финланд (3) - АНУ (2)

Австри (4) - Швейцарын (1) багууд пүрэв гарагт тоглоно.


Хагас шигшээ тоглолтууд 24-ны өдөр, финалын ба хүрэл медалийн төлөөх тоглолтууд 25-ны өдөр тус тус болно.


Энэ удаагийн ДАШТ Швед ба Данид болж байгаа юм. Өмнөх тэмцээнд Чехийн шигшээ баг финалын тоглолтод Швейцарын багийг 2:0-ээр хожиж дэлхийн аварга болсон байна. Дэлхийн таван удаагийн аварга Оросын шигшээ баг Олон улсын хоккейн холбооны шийдвэрийн дагуу энэ удаагийн ДАШТ-д оролцоогүй юм.  

Related news