УВС: Модны ураар жижиг сав суулга урлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Улаангом сумын 1 дүгээр багийн иргэн, өрхийн үйлдвэрлэгч Л.Дүгэрсүрэн аймгийнхаа 100 жилийн ойг угтаад модны ураар ахуйн хэрэглээний жижиг хэмжээтэй сав суулгууд урлажээ.
Модны ураар хийсэн эдгээр сав суулгыг бэлэг дурсгалын хэлбэрээр болон ахуйн хэрэглээнд ашиглахад нэн тохиромжтой бөгөөд эко, хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй гэдгээрээ давуу талтай ажээ.
Т.Дүгэрсүрэн нь төмрөөр хутга, шөвөг, морины амгай, дөрөө гэх
мэт зүйлийг хийж хэрэглэгчдэд борлуулдаг байна. Мөн хус модоор
хурдан морины хусуур, цацал, ур аяга, жижиг цацалтай хувин, хазаар
ногтны өлгүүр гэх мэт зүйлсийг хийдэг. Түүнчлэн үхрийн
эврээр хундага, хутганы бариул, хурдан морины хусуур зэрэг зүйлс хийж байгаа гэв.
Цаашдаа тэрбээр бүтээлийнхээ нэр төрлийг нэмж иргэдэд хэрэгтэй байгаа
зүйлсийг нь хийж өгөхийг зорьж байна.
“Модны
ур гэдэг нь хус модны хажууд бөөрлөөд ургачихсан байдаг зүйл. Түүнийг нь салгаж
аваад будаг, хар лац түрхээд үлдээхэд модонд ямар ч муу нөлөө байдаггүй. Хайж
олоход жаахан хэцүү, ховор. Би өөрөө л явж байгалиас
олж авдаг. Ураар бүтээгдэхүүн хийхэд ажиллагаа ихтэй, бараг жилийн ажил болно.
Ураа хайж олоод усанд чанана, дараа нь нар тусахгүй газар жил шахам хатаана,
тэгээд эд хийхэд бэлэн болдог. Модны ураар аяга, төрөл бүрийн сав суулга, цацал, модон хөөрөг зэргийг хийдэг” хэмээн тэрбээр ярилаа.






