УВС: Тэсийн гол ба “Таван тэс”

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-05-20 12:14:30

Улаангом, 2025 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Тэсийн гол нь Хөвсгөл аймгийн нутаг дахь Булнайн нуруунаас эх авч 568 км урссаар Увс нуурт цутгадаг.


Нэг хэсэг газарт ОХУ-ын нутаг руу урсаж гараад эргээд Увс нуурт цутгадаг учир "Эх оронч гол" хэмээдэг. Эхэн ба дээд хэсэгтээ ой модтой уулын дундуур, доод ба адгийн хэсэгтээ хээр цөлөрхөг газраар урсдаг.


Тэсийн голын адаг нь далайн түвшнээс дээш 760-800 м хооронд хэлбэлздэг байна. Голын өргөн нь 120 м, гүн нь 2.5 м, урсгалын хурд нь 1.5 м/с хүрдэг аж.


Тэсийн голын сав газар нь нэгж талбайд оногдох хөхтний зүйлийн тоогоороо баялаг бөгөөд 26-30 бодгаль байгаа нь Хөвсгөл, Монгол дагуур гэх мэт газар нутагтай дүйцдэг байна.


Мөн Улаан номд орсон ховордож байгаа зэгсний зэрлэг гахай, азийн минж, эрээн хүрэн, шивэр гүлмэр, голын халиу, усны булга гэх мэт хөхтөн амьдардаг.

Тэсийн гол нь Монгол орноор дайран өнгөрдөг нүүдлийн шувуудын нэг гол зам учир шувууд түр буудаллан дамжин өнгөрөх ба зарим нь зусаж өндөглөдөг байна.


Түүнчлэн Монгол Улсын Улаан номд ховор ба нэн ховор ангиллаар орсон борцгор хотон, халбаган хошуут, хар өрөвтас, ямаан сүүлт нугас, гангар хун, хуруут хун, реликт цахлай, цасч дэглий, хээрийн галуу, тоодог, жороо тоодог, цагаан сүүлт нөмрөг бүргэд, хошуу галуу гэх мэт олон зүйлийн шувуудтай.


Энэхүү байгалийн үзэсгэлэн, нөөц баялгийг хамгаалах зорилгоор Тэсийн гол орчмын 103,704 га нутгийг Монгол Улсын Их Хурлын 2006 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 26 дугаар тогтоолоор байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авчээ.  


Тэсийн гол нь Увс аймгийн Тэс сумын нутагт орж ирэхдээ таван салаа гол болж урсан Увс нуурт цутгадаг. Эдгээр таван голыг нутгийн ардууд Оргих, Хос эрэг, Их гол, Жирээг, Үхэг хэмээх бөгөөд үүнээс үүдэн “Таван тэс” гэх нэр томьёо үүсжээ.


Related news