Украины асуудлаарх гурван талын уулзалт Истанбулд эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-05-16 17:27:37

ИСТАБУЛ, 2025 оны тавдугаар сарын 16 /AFP/. Истанбул хотод Украины асуудлаарх гурван талын хэлэлцээ эхэлсэн тухай “France-Presse” агентлаг Туркийн Гадаад хэргийн яамны эх сурвалжийг эш татан мэдээлжээ. 


Турк-АНУ-Украины гурван талын уулзалт Босфорын эрэг дээрх Долмабахче ордонд ерөнхийлөгчийн албан өрөөнд эхэлсэн гэж "Anadolu" агентлаг мэдээлжээ. Хэлэлцээг Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Фидан даргалж байна.


Истанбул хотноо Турк, Орос, Украин болон АНУ-ын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. Орос, Украины төлөөлөгчид тавдугаар сарын 15-нд ирсэн боловч "ложистикийн хүндрэл"-ээс шалтгаалан уулзалт болсонгүй гэж Оросын хэвлэлүүд мэдээлжээ. 


Хэлэлцээнд оролцох Украины төлөөлөгчдийг Батлан хамгаалахын сайд Рустем Умеров тэргүүлж байна. Тус улсын ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудсанд нийтлэгдсэн зарлигт дурдсанаар, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Сергей Кислица, Украины Аюулгүй байдлын албаны орлогч дарга Александр Поклад, Гадаад тагнуулын албаны нэгдүгээр орлогч дарга Олег Луговский, Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газрын орлогч дарга Вадим Скибицкий, мөн Украины Зэвсэгт хүчний цэргийн штабуудын орлогч дарга нар болон Батлан хамгаалах яамны төв аппаратын ажилтнууд багтжээ.


Харин Оросын Ерөнхийлөгчийн туслах, Соёлын сайд асан Владимир Мединский тэргүүтэй тус улсын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Гадаад хэргийн дэд сайд Михаил Галузин, Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин, Зэвсэгт хүчний Жанжин штабын ерөнхий газрын дарга Игорь Костюков болон бусад дунд шатны албан тушаалтнууд багтсан байна. 

Related news